Өчигдөр буюу баасан гарагт Казахстаны тамирчин Михаил Шайдоров өвлийн Олимпын наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр шуугиан тарилаа.
Энэ бол өвлийн Олимпын түүхэнд Казахстаны тамирчдын хүртсэн хоёр дахь алтан медаль юм. Мөнгөн медалийг Японы тамирчин Юма Кагияма /280,06 оноо/, хүрэл медалийг түүний эх орон нэгт Сюн Сато /274,90/ нар хүртсэн байна.
Шайдоров богино /92,94 оноо/ ба чөлөөт /198,64 оноо/ үзүүлбэрүүдийн нийлбэрээр 291,58 оноо авч, Олимпын аварга болжээ. Богино үзүүлбэрийн дараах байдлаар тэрбээр 5 дугаарт бичигдэж байсан бөгөөд тэмцээнд түрүүлэх магадлалтай уран гулгагчид бүгд түүний өмнө бичигдэж байв.
Энэ удаагийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай уран гулгагчаар АНУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга Илья Малининыг нэрлэж байлаа. Тэрбээр богино хэмжээний үзүүлбэрт тэргүүлж байсан боловч чөлөөт үзүүлбэрийн үеэр хоёр удаа унаснаар 264,49 оноо авч наймдугаарт шалгарчээ. Бие даасан статустайгаар Милан-Кортинагийн өвлийн Олимпод оролцож буй Оросын уран гулгагч Петр Гуменник 271,21 оноо авснаар VI байр эзэлсэн байна.
Өдгөө 21 настай Олимпын шинэ аварга Михаил Шайдоров бол 2025 оны ДАШТ-ий мөнгө медальтай бөгөөд мөн онд болсон дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин юм. Түүний дасгалжуулагч нь 1994 оны Олимпын аварга Алексей Урманов ажээ. Шайдоров бол тэмцээний үеэр гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп эргэлтийг гүйцэтгэж чадсан түүхэн дэх анхны уран гулгагч юм.
Түүнээс өмнө Казахстаны багаас өвлийн Олимпын алтан медаль хүртсэн цорын ганц тамирчин бол 1994 оны Лиллехаммерын өвлийн Олимпын 50 км-ийн зайн чөлөөт гулгалтын тэмцээнд түрүүлсэн цаначин Владимир Смирнов юм. Мөн Сочи-2014 өвлийн Олимпоос Казахстаны уран гулгагч Денис Тен хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна