“Ул боов” гэдэг нь “ул элээх” буюу олон жил насалж, ихийг үзэж туулсны бэлгэдэл

Admin
2026/02/16

Сар шинийн баяр бол монгол түмний төрт ёс, ахуй соёл, зан заншлын үнэт өвийг шингээсэн онцгой баяр билээ. Цагаан сар нь зөвхөн шинэ оныг угтах төдий бус, ахмад үеэ хүндэтгэх, ураг төрлөө бататгах, эв нэгдлээ бэхжүүлэх гүн утга агуулгатай уламжлалт баяр юм. Иймээс энэхүү баярыг уламжлалаа хадгалсан хэвээр нь авч явахын зэрэгцээ орчин цагийн амьдралын хэв маягт нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэх нь чухал болж байна.

Цагаан сарын гол үнэт зүйл нь ёс заншил, уламжлал. Битүүний өдөр гэр орноо цэвэрлэж, идээ будаагаа бэлтгэн, ахмад настнаа хүндэтгэн золгодог зан үйл нь монгол хүний хүмүүжил, ёс суртахууны суурь болдог. Золгох ёс, ууц тавих, идээ засах, цагаалга бэлдэх,  бэлгэ дэмбэрэлтэй үг хэлэх зэрэг нь үе дамжин уламжилж ирсэн соёлын дархлаа юм.Орчин үед завгүй амьдрал, хотжилт, гадаадад ажиллаж амьдрах иргэдийн тоо нэмэгдсэн ч эдгээр зан заншлыг орхигдуулах бус, хүүхэд залуустаа учир утгыг нь тайлбарлан таниулах нь чухал билээ.

Гэвч нөгөө талаар, цаг үеийн шаардлагад нийцсэн шинэчлэл ч зайлшгүй. Тухайлбал даруу, ухаалаг тэмдэглэх буюу хэт их зардал гаргах, өрсөлдөн тансаглах хандлагыг багасгаж, утга учрыг эрхэмлэх. Гэвч өнөө цагт том ууцаар, олон үе идээгээр өрсөлдөх, бэлгэ сэлтээр өрсөлдөх хандлага бий болоод байгаа юм. Угтаа бол ул боовны үе бүр, шүүс махны хэсэг бүр нь утга агуулж, монгол ахуй, ёс заншлын гүн ухааныг илтгэн байдаг.

УЛ БООВНЫ БЭЛГЭДЭЛ

Ул боов тавих ёс нь Занабазар-ын үеэс уламжлагдан дэлгэрсэн хэмээн үздэг. “Ул боов” хэмээх нэр нь “ул элээх” буюу урт насалж, амьдралын урт замыг туулсны бэлгэдэлтэй утга илэрхийлдэг. Иймээс идээний үеийн тоо нь тухайн айл өрхийн тэргүүний нас, амьдралын замнал, хүндэтгэлийн хэмжээг илтгэнэ.

Монголчууд идээгээ заавал сондгой үеэр өрж засдаг нь өсөн дэвжих, өөдлөн бадрахын ерөөлийг шингээсэн заншил юм. Тухайлбал, ерэн настанд есөн үе, далан настанд долоон үе, тавин настанд таван үе засдаг бол гуч орчим насны залуу гэр бүл гурван үе идээ засах нь түгээмэл. Ийнхүү үеийн тоо нь насны илэрхийлэл төдийгүй урт удаан наслахын бэлгэдэл болдог.

БҮХЭЛ ШҮҮС ЗАСАХ ЁС

Цагаан сарын ширээнд тавих шүүс нь мөн айл өрхийн зиндаа, нас хүндэтгэлийг илэрхийлнэ. Бүхэл шүүсийг их, дунд, бага хэмээн ангилдаг.

Их бүхэл шүүс нь ууц, толгой, дөрвөн шийрийг бүрэн тавьснаараа төгс бүтэн байдлыг илтгэнэ. Энэхүү шүүсийг төрийн ихэс дээдэс, төрийн их тахилга наададмд засдаг уламжлалтай.

Дунд бүхэл шүүс нь толгойгүй ууц, дөрвөн шийрээс бүрдэх бөгөөд ихэвчлэн өндөр настнууд засна. Энэ нь ахмад настны хүндэтгэл, гэр бүлийн голомтыг сахин хамгаалагчийн байр суурийг бэлгэддэг.

Бага бүхэл шүүс нь залуу гэр бүлд хамаарах бөгөөд бүхэл хонины махыг бэлгэдлийн байдлаар бүрдүүлсэн байдаг. Үүнд цээж мах (бүхэл хонийг төлөөлнө), дал дөрвөн өндөр, өвчүү, хонтой шаант, уураг сүүл, мөн дотор махыг төлөөлөх гургалдай орно. Энэ нь айл гэрийн гал голомт бадарч, үр удам өсөж дэлгэрэхийн ерөөл юм.

Идээ, шүүс засах ёс нь зөвхөн хоол хүнс бэлтгэх зан үйл бус, ахас ихсээ дээдлэх, нас хүндийг эрхэмлэх, элбэг дэлбэг амьдралыг бэлгэдэх соёлын өв билээ. Цагаан сарын ширээ бол монголчуудын ёс заншил, сэтгэлгээ, хүндэтгэлийн илэрхийлэл бөгөөд үе улиран уламжлагдсаар ирсэн үнэт өв юм.

Даяаршлын эрин үед үндэсний онцлог, соёлын ялгарал улам ч үнэ цэнтэй болж байна. Цагаан сарыг орчин үеийн өнгө төрхтэй тэмдэглэнэ гэдэг нь уламжлалаа гээх гэсэн үг биш. Харин ч ёс заншлын гүн утгыг хадгалангаа илүү хүртээмжтэй, хариуцлагатай, дарамтгүй тэмдэглэхийг хэлэх билээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна