05 дугаар ангийн цэргүүд муудалцан, нэгнийхээ гуя руу гурван удаа хайчаар хутгалжээ

Admin
2026/02/12

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ мэсээр гэмтээсэн байна. Тодруулбал, Өнгөрсөн даваа гарагийн орой /2026.02.09/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо муудалцан, нэгнийхээ гуя руу гурван удаа хайчаар хутгалжээ. Цэргийн алба хаагчийн биед халдаж, хүчирхийлсэн хэрэг Дотоодын цэргийн 05 дугаар ангид удаа дараа гарч байгаа бөгөөд энэхүү хайчаар нэгнийгээ гэмтээсэн хэрэг гурав дахь удаагийнх нь юм. Эл хэрэг цагдаагийн байгууллагат шалгагдаж байгаа бөгөөд цэргийн ангийн удирдлагуудын зүгээс ихэд нууцалж байгаа аж.

Дотоодын цэргийн 05 дугаар ангид гарсан хэрэг үүгээр дуусахгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд тус цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнээс гадна өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны орой дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргүүд нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдаж, олны бухимдлыг төрүүлж байсан. Ийнхүү тус цэргийн ангид сүүлийн гурван сарын хугацаанд гурван удаа цэргүүд нэгнээ гэмтээж, биед нь халдсан хэргүүд шил дараалан гарлаа. Сүүлдээ цэргүүд нэгнээ хүчирхийлэх үйлдэл гаарч мэсээр гэмтээх болсон байна.

Эргэн сануулахад, Өнгөрсөн 12 дугаар сард тус ангид нойлын өрөөнд нэгнээ дэглэж, хүчирхийлж буй бичлэг цахим сүлжээнд цацагдахад 05 дугаар ангийн захирагч, Хурандаа Д.Манлайбаатар ийн мэдэгдэл хийж байв. Тэрбээр, “Анги дотроо 24 цагийн 62 камертай. Нойл, шүршүүр зэрэгт байрлуулах боломжгүй. Үйл явдал камергүй өрөөнд болсон байна. Шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа” гэж хэлсэн. Тэгвэл гурван сарын хугацаанд гурван удаа цэргүүд нэгнээ хүчирхийлсэн хэрэг гарсан нь 05 дугаар ангийн шинэ удирдлагууд цэргүүдийг камерт найдаад орхилгүй, хараа хяналтаа сайжруулж, ажлаа сайн хийх  шаардлагатай болсныг илтгэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна