Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2026.02.10) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эхлэв. Гэвч зарим өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 2-ний өдрийг хүртэл хойшлууллаа.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэж 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг энэ сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтээр ирэх сарыг хүртэл хойшлууллаа.
Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг 4 удаа цагаатгах тогтоол шүүхээс гарч байгаагүй, шүүгдэгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна