Бид ээлжит нэгэн сурвалжилгаа Хархорин худалдааны төвөөс бэлтгэн хүргэлээ. Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ баярыг үндэсний хувцас дээлгүйгээр төсөөлшгүй. Тэгвэл баярын сезон өрнөж буй энэ үеэр бага зэрэг Монголын үндэсний хийцтэй хэрнээ Хятад үндэсний хувцас импортлогдож ихээр худалдаалагдаж байна. Эдгээр хувцаснууд үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн дээл, хантаазнаас нэгээс хоёр дахин үнээр хямд худалдаалдаг тул худалдаа эрхлэгчид энэ үеэр Хятад маягийн үндэсний хувцсыг импортоор оруулж ирэх болсон гэж худалдаачид ярьж байна.
Худалдаа эрхлэгчид: Манай үйлдвэрүүдийн хийсэн үндэсний хувцас үнэтэй байна. Бөөний газар үнэтэй зарахад бид нар ашиг хийж чаддаггүй. Хятад үндэсний хувцас болохыг худалдан авагчид бүгд ялгана шүү дээ. Иргэд хямд учраас өөрсдийн боломжид тааруулж сонголтоо хийж худалдан авдаг байх. Угаасаа харахад л манай үндэсний хувцаснаас шал өөр шүү дээ. Хүмүүс бол их худалдан авч байна.

Бидний очсон худалдааны төвийн бэлэн хувцасны тасгаар дөнгөж ороход л Хятад үндэсний хувцсыг олноор нь худалдаалж байлаа. Үнийн хувьд импортын хантааз 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол Монголчуудын өөрсдөө урласан үндэсний хантааз 150-300 мянган төгрөгийн ханштай байсан юм. Тэгвэл Монгол үндэсний хувцасны товч, шилбэ, нарийн бүхнийг урлаачид гараар оёдог тул хөдөлмөрийн хөлсний үнэ нь импортын хувцаснаас үнэтэй байхыг үгүйсгэхгүй гэж оёдолчид хэлж байна.
Үндэсний хувцасны оёдолчин Г.Цэрэндолгор: Монгол үндэсний хувцсыг Хятад үндэсний хувцаснаас ялгаатай зүйл олон бий. Монгол үндэсний хувцас гар ажиллагаа маш их тул импортын хувцаснаас үнэтэй байх нь аргагүй. Товч, шилбэ гээд бүгдийг гараар нямбайлан оёно шүү дээ. Манай салон дээр нэг дээлийг 250-350 мянган төгрөгөөр оёж байна. Бид тухайн хүний биед тааруулж, нямбайлан гараар оёдол тул үүнийг үнэтэй гэж боддоггүй. Хятад үндэсний хувцаснаас Монгол хувцас ялгарах зүйл олон бий. Хятад үндэсний хувцасны энгэр бөөрөнхий байдаг бол манайх ихэвчлэн дөрвөлжин, хүннү захтай нь ташуу байдаг. Товч шилбэ нь хүртэл өөр. Манай товч шилбийг нэг бүрчлэн гараар оёдог, шулуун нуруутай, сампин зангиддаг бол Хятад шилбийг эхлэл төгсгөл нь дарвайсан, машинаар оёсон байдаг.

Эдгээр импортын хувцсыг харах төдийд л Монгол үндэсний хувцас биш болохыг ялгаж болно. Тэгэхээр худалдаачид болон худалдан авагчид Хятад үндэсний хувцсыг Монгол гэж андууран санаандгүй наймаа хийх учиргүй. Хэдийгээр импортын хувцас гял цал, ганган чамин хэр нь хямд үнэтэй ч Монгол Үндэсний уламжлалт цагаан сарын баяраар өөр үндэстний хувцас өмсөх нь зохисгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна