Олимпын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, бэлгэ тэмдгийн тодорхойлолтыг нарийвчилжээ

Admin
2026/02/05

Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Италийн Милан хотод боллоо.

Уг чуулганаар ирэх олимп болон залуучуудын олимпын наадмын бэлтгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй тайлан танилцуулж, Олимпын хөдөлгөөний ирээдүйн замналын талаар үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Түүнчлэн Олимпын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан байна. Өөрчлөлт нь олимпын бэлгэ тэмдгийн тодорхойлолт, бүтцийн ойлголтыг илүү тодорхой болгож, брэндийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой аж. Уг саналыг ОУОХ-ны Хууль зүйн асуудал эрхэлсэн комиссын зөвлөмжид үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сард болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өргөн мэдүүлжээ. Олимпын бэлгэ тэмдэгтэй холбоотой заалтуудаас гадна, ОУОХ болон өргөн хүрээний Олимпын хөдөлгөөнд гарсан өөрчлөлтийг тусгах зорилгоор дүрмийн бусад хэсэгт ч мөн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Баталсан өөрчлөлтүүдийн гол агуулга:

-Олимпын хөдөлгөөнд багтах байгууллагуудын албан ёсны нэршил, товчлолын хэрэглээг жигд, ойлгомжтой болгох.

-Олимпын бэлгэ тэмдгийн тодорхойлолтыг нарийвчилж, зөвхөн бэлгэдлээс гадна бичгэн элемент болон шаардлагатай тохиолдолд онцгой график дүрслэл багтдаг болохыг тодорхой заах.

-Зохион байгуулах хороодын бүтээдэг бэлгэ тэмдгийн дизайны стандартыг шинэ, ирээдүйд нийцэх загварт уялдуулах, мөн бэлгэдэл, наадмын нэршлийн харагдах байдал, хамгаалалтыг сайжруулах.

-ОУОХ-ны Анагаах ухаан, шинжлэх ухааны комиссын нэрийг “Эрүүл мэнд, анагаах ухаан, шинжлэх ухааны комисс” болгон өөрчилснийг тусгах.

-Маскотуудыг олимпын өмч болохоос бэлгэ тэмдэгт хамаарахгүй болохыг тодорхой болгох.

Дээрх нэмэлт өөрчлөлтүүд энэ сарын 3-наас хүчин төгөлдөр хэрэгжиж, шинэчилсэн хувилбарыг цахимаар нийтэлсэн байна.

Олимпын дүрмийг анх 1908 онд “Annuaire du Comité International Olympique” нэртэйгээр хэвлэсэн бөгөөд олимпизмын суурь зарчмууд, ОУОХ-ноос баталсан дүрэм, дагалдах заалтуудыг нэгтгэн тусгасан баримт бичиг юм. Энэ нь ОУОХ-ны үндсэн дүрэм бөгөөд Олимпын хөдөлгөөн дэх өөрчлөлтүүдийг үнэн зөв тусгах зорилгоор тогтмол шинэчилж ирсэн ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна