ШИНЖЛЭХ УХААН-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛЛОО

Admin
2026/01/21

Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны үр дүн, 2026–2030 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх хамтарсан Ажлын хэсгийн хурал өнөөдөр “Зэс” танхимд боллоо.

Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, харьяа хүрээлэнгүүдийн захирал, эрдэмтэн судлаачид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон газар, хэлтэс, цехийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, Засгийн газраас шинжлэх ухаан, технологи, инновацын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг баталснаар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бодлогын түвшинд дэмжих эрх зүйн орчин бүрдсэнийг онцоллоо. Үүний үр дүнд үйлдвэрлэлд тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, шинэ технологи нэвтрүүлэх, судлаач, инженерүүдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх чиглэлд хамтын ажиллагаа бодит үр өгөөжтэй хэрэгжиж ирснийг тэмдэглэв. Тухайлбал, баяжуулалтын процесст ашиглагдаж буй эргэлтийн болон шүүрлийн усны найрлага, шинж чанарын судалгаагаар металл авалт, технологийн үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоон, оновчтой шийдлийн суурийг тавьсан байна. Мөн Цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг биологийн аргаар боловсруулж, сайжруулсан хөрс үйлдвэрлэх төсөл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодит үр дүн үзүүлснийг танилцуулгад дурдлаа. Үүнээс гадна үйлдвэрийн бүсийн хөрс, усны судалгааны үр дүнг геоэкологи, гидрогеологи болон уурхайн үнэлгээний аргачлалд ашигласнаар эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолсон юм.

Цаашид ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн судалгааны чадавх, эрдэм шинжилгээний нөөцөд тулгуурлан үйлдвэрлэлд суурилсан, бодит өгөөжтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, судлаач инженерүүд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, ногоон үйлдвэрлэл, байгаль орчин, экологи, нөхөн сэргээлтийн чиглэлээр манлайлж ажилладаг “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтын ажиллагааг илүү оновчтой, өргөн хүрээнд хөгжүүлэхэд бэлэн байгаагаа уулзалтын үеэр мэдэгдлээ.

Энэ удаагийн хурлаар хоёр тал 2019–2025 онд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг тайлагнан хэлэлцэж, 2026–2030 онд хамтран ажиллах үндсэн чиглэлүүдээ тодорхойлов. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд талууд Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, сайжруулсан хөрс үйлдвэрлэх, үйлдвэрийн бүсийн хөрс, усны бохирдлыг тодорхойлох, хүхрийн хүчлийг ашиглан фосфорын бордоо үйлдвэрлэх туршилт, Хангайн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах, хаягдлын сангийн эргэлтийн усны бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх технологийн шийдэл сонгох, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, технологийн түвшний үнэлгээ хийх, Үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөлтэй талбайд түүх, археологийн хайгуул судалгаа явуулах зэрэг нийт 24 төрлийн ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.

Ирэх жилүүдэд Оюутын ордын хүдрийн баяжигдах чанарын судалгаа, хүдэр олборлолт, баяжуулалтын технологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, сорьцлолтын хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх, Баяжуулах үйлдвэрийн технологийн процесс дахь металл авалтыг нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг 10 гаруй чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна