АНУ-ын нисэх онгоц тээгч рүү ойртсон Ираны нисгэгчгүй онгоцыг унагасан гэж мэдэгджээ

Admin
2026/02/04

АНУ-ын зэвсэгт хүчин өчигдөр /2026.02.03/ Арабын тэнгист Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц руу ойртож байсан Ираны нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан талаар мэдэгджээ.

АНУ-ын Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч, ахмад Тим Хокинсын хэлснээр, "USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлгөөс хөөрсөн F-35C үл үзэгдэх сөнөөгч онгоц нисэх онгоц тээгч болон түүний бүрэлдэхүүнийг хамгаалах зорилгоор нисгэгчгүй онгоцыг устгасан байна. Тухайн үед нисэх онгоц тээгч Ираны эргээс ойролцоогоор 600 гаруй км-ын зайд явж байсан бөгөөд нисгэгчгүй онгоц "тодорхойгүй санаатайгаар" ойртож ирсэн гэж мэдээлжээ. Уг явдлын улмаас АНУ-ын ямар нэгэн техник гэмтээгүй, цэргийн алба хаагчид хохироогүй байна.

Энэхүү хэрэг явдал нь АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал өндөр хэвээр байгаа үед АНУ бүс нутаг дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаатай давхцаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах хэлэлцээрт орохгүй бол цэргийн арга хэмжээ авах боломжтойг удаа дараа анхааруулж байгаа юм. 

Нисгэгчгүй онгоцыг унагасны дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт Fox News-д өгсөн ярилцлагадаа "АНУ, Ираны хоорондын хэлэлцээр энэ долоо хоногийн сүүлээр болох төлөвлөгөө хэвээр байгаа" гэж мэдэгджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Д.Трамп дипломат замыг нэн тэргүүнд тавьж байгаа ч "цэргийн хүч хэрэглэх зэрэг бүх хувилбар нээлттэй" гэдгийг онцолсон байна.

Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өмнө нь Иранд халдсан аливаа довтолгоо "бүс нутгийн дайн"-ыг өдөөнө гэж анхааруулж байсан. Харин Ираны тал өчигдөр болсон нисгэгчгүй онгоцтой холбоотой явдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна