Гадаадын иргэн, харьяатын газраас энэ он гарсаар нэг сарын хугацаанд 7330 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олгосон гэж мэдээлэв. Үүнээс 20 улсын 3972 иргэнд аяллын цахим виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5057 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз, визийн зөвшөөрөл олголт 42.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 1.6 хувь, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 68.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тэгвэл Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 124,945 гадаадын иргэнд виз олгож, 4004 иргэнд виз олгохоос татгалзжээ. Дээрх виз олгосон нийт иргэдийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85,690 иргэнд цахим виз олгосон байна. Харин 3913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байгаа ажээ.
Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх хувь нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.
Монгол Улсад 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 138 улсын 37097 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020, БНХАУ-ын 22868, иргэн, бусад улсын 5979 иргэн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа аж.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 585, хөдөлмөр эрхлэх 19092, суралцах 5304, хөрөнгө оруулах 5804, цагаач 1767, шашны 140, гэр бүлийн 3260, хувийн бусад зорилгоор 1145 гадаадын иргэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна