Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгалаа

Admin
2026/01/23

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд үргэлжилэн шүүхийн тогтоох хэсгийг дараах байдлаар уншиж танилцуулав. 

Шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 болон 3.5.1 дэх хэсэгт заасныг тус   тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

Нийслэлийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Энхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3, 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

Шүүгдэгч Ц.Дагвадоржийг Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Шүүгдэгч Ц.Дагвадоржийн

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтад заасан онц харгис хэрцгийгээр өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.1-т заасан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож бүх насаар нь хорих ял оноов. Ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг, Х.Энхсайханд тавьсан хилийн хоригийг цуцалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  Шүүгдэгч Ц.Дагвадоржийн цагдан хоригдсон 581 хоногийг түүний эдлэх ялд оруулан тогтоосугай.

Цагаатгагдсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарын тус бүр 91 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна