Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүст хэрэгжүүлэх шаардлагатай

Admin
2026/01/22

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд өнөөдөр (2026.01.22) Дорнод аймгийн Чойбалсан суманд ажиллаж байна.

Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар ийнхүү зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа аж.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал "Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүн эрэмбэд Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлүүд багтсан. Хүүхдийн төлөө “За” гэж хэлээд өнгөрөх биш заавал хийх ёстой гэсэн зарчмыг баримталж байна" гэв.

“Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төсөл нь 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. 

Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээг зохион байгуулж, 197067 насанд хүрэгч, 34960 хүүхдийг хамруулан, нийт 1109 өрхөд хүрч ажилласан байна. Түүнчлэн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.

Төслийн хүрээнд 8 суманд хохирогчийг хамгаалах байрыг ашиглалтад оруулж, сэтгэл зүйн үйлчилгээний жишиг төвийг аймгийн төвд нээснээс гадна хүүхдээс мэдүүлэг авах өрөөг мөн байгуулсан байна. 

Өнөөдрийн зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ш.Бямбасүрэн нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын орон нутаг дахь албан томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна