Өчигдөр ТЭЦ 4 дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, улмаар Улаанбаатар хотын ихэнх дүүргүүдэд хэсэгчлэн тог тасалсан. Ингэж тог тасарсны улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсож, орлогод сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Толгойт, Нарангийн голын уулзварт байрлах Сүлд авто засварын граашны хаалга автоматаар нээгддэг тул тог тасарсны улмаас хаалга нь нээгдэхгүй болж засуулж, оношлуулах машинуудаа оруулж чадахгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна. Иймд өдөр 3 цаг тог тасрахад л Сүлд авто засварынхан 500-600 мянган төгрөгийн орлого оо алддаг гэлээ.
Нарангийн голд байрлах “Сүлд авто засварын” Захирал Г.Тулга: Манай энэ бүсэд өчигдөр өглөө 09-13 цаг хүртэл тог тасарсан. Өнөөдөр 09 цагаас хойш тог тасарсан одоо 12 цаг болж байна. Хэзээ тог ирэх нь тодорхойгүй байна. Манай засварын газрын хаалга автомат тул тог тасрахад хаалга нь нээгддэггүй. Иймд одоо гадаа машинууд овоорчихсон хүлээж байна. Гадаа засах боломжгүй тул тог ирэхээс нааш бид ажлаа хийхгүй хүлээдэг. Үүнээс болж орлого маань багасаж байна. Эд үйлчлүүлэгч ирдэг үеэр тог тасрахад өчигдөр 500-600 мянган төгрөгийн орлого оо алдсан. Энэ нь аж ахуй нэгжүүдэд төдийгүй ажилчдын орлогод нөлөөлж байна. Манай ажилчид хийснээрээ цалин авдаг. Өдөр 300 мянган төгрөг аваад буух ёстой хүмүүс тог тасарснаас болж 150 мянган төгрөг аваад бууж байна шүү дээ. Бид төрд татвар, тогийн мөнгийг цаг бүрд нь өгдөг. Гэтэл төрөөс болж хохирчхоод эргээд бидэнд нөхөн төлбөр өгөхгүй байна. Хаа хаана аа хариуцлага тооцож, иргэд хохирлоо нөхөн төлүүлдэг системтэй болох хэрэгтэй.
21-р хороололд цайны газрын бизнес эрхлэгч Ж.Оюунтуяа: Өчигдөр гэхэд манайд өглөө 9-12 цагийн үед тог тасарсан. Тог тасрах талаар ямар ч мэдээлэл, мэдэгдэл ирээгүй. Үүнээс болж том жигнүүрт нэг удаа жигнэдэг мантуун бууз, бууз, ороомог маань түүхийрээд хаясан. Энэ нь нийлээд ойролцоогоор 300 гаруй мянган төгрөгийн алдагдал болсон гэсэн үг. Тэгээд цайны цагаар тог тасрахад хоол оо хийж чадахгүй, түр хаалга аа барьж, орлого оо алдаж байна. Манайх өдөрт 1 сая 200 мянга гаруй төгрөгийн орлого олдог. Яг орлого ордог үеэр тог тасарчихаар 50 хувийн алдагдал хүлээдэг гэсэн үг. Би өнөөдөр ажилчдынхаа цалинг олгох ёстой. Гэтэл тогоос болж орлого муудаж, цалингаа тавьж чадахгүйд хүрч байна.
Толгойт, Цэнхэр дэлгүүрт хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч Ж.Энхцэцэг: Тог тасрахад паар маань хүйтэн болчихно. Өчигдөр манайд орой 21 цагаас хойш 2 цаг тог тасарсан. Энэ үеэр харанхуй учир лаа бариад хүмүүст бараагаа зарж чадахгүй учир хаалга аа барьдаг. Үүнээс болж өдөрт орох ёстой нийт орлогын 10 хувь нь үгүй болж байна. Тог тасрах нь худалдаа эрхлэгчдэд шууд нөлөөлж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлдөг нь ойлгомжтой шүү дээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын Гишүүн С.Цэнгүүн нар Эрчим хүчний реформ хийж, дулааны цахилгаан станцуудыг шинэчилнэ гэж цахилгааны үнийг 30-аас дээш хувиар, дулааны үнийг 85 хувиар нэмэгдүүлээд жилийн хугацаа өнгөрсөн. Гэтэл энэ реформын үр дүн гаралгүй өнөөдөр 4-р дулааны цахилгаан станцад доголдол гарахад өвлийн идэр есийн хүйтэнд Улаанбаатарчууд тог, дулаанаа таслуулж, иргэд аж ахуйн нэгжүүд эдийн засгаараа хохироод үлдэж байна. Тог тасарснаас болж цахилгаан хэрэгсэл эвдэрсэн бол хохирлыг цахилгаан станц барагдуулна гэж хуульд заасан байдаг ч бизнес эрхлэгчдийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх механизм манай улсад байхгүй. Гол нь иргэд олон төрлийн татвар, торгуулийг цаг хугацаандаа төлж үүргээ биелүүлдэг ч төрөөс болж хохирчхоод нөхөн төлбөр авахгүй, хохироод өнгөрдөгт аж ахуйн нэгжүүд гомдолтой байна.
Сэтгэгдэл (1)