Италийн хувцас загварын салбарын домог Валентино Гаравани 93 насандаа таалал төгсөв. Даян дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг тансаг даашинзаараа гоёсоор ирсэн тэрээр Ром дахь гэртээ хайртай хүмүүсийнхээ дэргэд амар амгалан нүд анисныг түүний сангаас мэдээллээ.
Валентино 1932 онд Италийн хойд хэсгийн Вогерад төржээ. Тэрээр 1959 онд Ром хотод өөрийн брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд үүнээсээ өмнө Парист энэ чиглэлээр сурч боловсорсон аж.
Хувцас загвар сонирхогчид түүний улаан даашинзнуудыг андахгүй. “Валентино улаан” гэдэг үг загварын салбарт түүний гарын үсэг, таних тэмдэг ч гэж хэлэхэд болохоор болсон.
Тэрээр 1960 онд урт хугацааны бизнес хамтрагч бөгөөд 12 жилийн хугацаатай романтик хамтрагч болох Жианкарло Жиамметтитэй учирчээ. Тэд хамтдаа Валентиног жинхэнэ олон улсан танигдсан брэнд болгож чадсан юм.
Валентиногийн хамгийн алдартай үйлчлүүлэгчдийн нэг бол жүжигчин Элизабет Тэйлор буюу олон түмний сайн мэдэхээр Клеопатра хатан. “Клеопатра” киноны зураг авалтыг 1960-аад оны эхэн үед Ром хотод авсан. Энэ үед Валентино түүнтэй танилцаж байв.
Цаашилбал, Бельгийн хатан Паола, жүжигчин Одри Хепбёрн, Жаклин Кеннеди зэргээр нэртэй цуутай үйлчлүүлэгч түүнд олон байлаа. Тийм ч учраас улаан хивсний ёслолуудын үеэр Валентиногийн загварууд шуугиан тарьдаг байжээ. Сүүлийн жилүүдэд Зендаяа, Гэмма Чан зэрэг алдартан улаан хивсний гоёлоороо Валентино брэндийг сонгосон.
Мөн Клаудиа Шиффер, Наоми Кэмпбелл зэрэг домог болсон супер моделиуд Валентиног сонгох дуртай байв.
Түүний тухай зарим сонирхолтой мэдээлэл хүргэвэл, Валентино Парис, Лондон, Нью-Йорк, Испани, Гстаад, Швейцарьт орон сууцтай. Мөн Милтон, Монти, Мауди, Маргот, Мэгги, Молли гэсэн зургаан нохойтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна