Өмнөд Солонгос улс уламжлалт тулааны урлаг таеквондог ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд Хойд Солонгостой хамтран бүртгүүлэхээр зорьж байна. Хэрвээ энэ ажил амжилттай болвол хоёр Солонгос улсын хамтран бүртгүүлж буй хоёр дахь дундын соёлын өв болно. Солонгосын уламжлалт бөх "сирым"-ийг хоёр улс 2018 онд ЮНЕСКО-д хамтран бүртгүүлж байжээ.
Өмнөд Солонгосын Соёлын өвийн хороо энэ гуравдугаар сард багтаан ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хороонд өргөдөл гаргахаар төлөвлөж байна.
Хойд Солонгос улс 2024 оны гуравдугаар сард таеквондог биет бус соёлын өвийн жагсаалтад оруулах хүсэлтээ гаргасан. Уг санал одоогоор хяналтын шатандаа яваа бөгөөд Хятадын Шиамэнь хотод энэ оны арваннэгдүгээр сарын 30-наас эхлэх ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хорооны 21 дэх удаагийн хуралдаанаар эцсийн хариуг зарлана.
Хойд Солонгосын хувьд таеквондо нь биет бус соёлын өвөөр бүртгүүлж буй зургаа дахь соёл болно. Албан ёсоор бүртгүүлсэн өмнөх өвүүдийг нэрлэвэл, 2014 онд "Arirang" ардын дуу, 2015 онд кимчи дарах арга, 2018 онд "сирым" үндэсний бөх, 2022 онд Пёньяны хүйтэн гоймон, 2024 онд солонгос хувцасны зан заншлыг тус тус бүртгүүлжээ.
Харин Өмнөд Солонгосын хувьд ЮНЕСКО-д 23 нэр төрлийн өв соёлоо бүртгүүлсэн байдаг. Үүнд эртний Солонгосын ордны хөгжим, бүжиг, дуу бүхий тоглолт, исгэсэн шар буурцгийн сүмс хийх уламжлал зэрэг багтана. Түүнчлэн "ханжи" буюу Солонгосын уламжлалт цагаан будааны цаасыг энэ жил бүртгүүлэх гэж байна.
ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна