ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Түүнчлэн сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн дүүгийн компанид давуу байдал олгож, оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорихоор болжээ.
Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, Монгол Улсаас нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан аж. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг АТГ-аас мэдээлээд байгаа.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон бөгөөд зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байдаг аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна