Испанийн өмнөд хэсэгт өндөр хурдны галт тэрэг осолдсоноор дор хаяж 21 хүн нас барсан харамсалтай хэрэг Ням гаригт /2026.01.18/ гарчээ. Мөн нийт 73 гаруй хүн гэмтэж бэртсэнээс биеийн байдал хүнд 30 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг тус улсын Тээврийн сайд Оскар Пуэнте мэдэгдлээ.
Галт тэрэг Малагагаас Мадрид чиглэлд явж байсан бөгөөд осол Кордоба хотын ойролцоо, Адамуз тосгон орчимд болжээ. "Adif" төмөр замын оператор компанийн мэдээлснээр, галт тэрэг замаасаа гарч, Мадридаас Хуэлва чиглэлд явж байсан өөр галт тэрэгтэй мөргөлдсөн аж. Тухайн үед галт тэрэг эхлэлийн цэгээсээ хөдлөөд дөнгөж 10 минут л болж байжээ.
Осол болсон замд өнгөрсөн оны тавдугаар сард засвар хийсэн бөгөөд далий муруй биш шулуун хэсэгт осол гарсан нь анхаарал татаж байгаа гэж Тээврийн сайд Оскар Пуэнте хэлжээ. Одоогоор ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Юу болсныг бүрэн тодорхойлох хүртэл дор хаяж нэг сарын хугацаа шаардагдана гэв.
Замаасаа гарсан галт тэргэнд 300 орчим зорчигч байсан бол нөгөө галт тэргэнд 100 орчим зорчигч байжээ.
Ослын газарт Адамузын захирагч Рафаэль Морено нэн даруй очсон. Тэрбээр тухайн үеийн нөхцөл байдлыг "хар дарсан зүүд" гэж тодорхойлжээ. Хоёр галт тэрэгний мөргөлдсөн хэсэгт гацсан хүмүүсийг гаргаж авахад хүндрэлтэй байгааг аврагчид хэлж байна.
Осолдсон галт тэрэг нь "Freccia 1000" галт тэрэг бөгөөд дээд тал нь 400 км/цаг хүртэл хурдалдаг. Галт тэргэнд байсан гэрчийн мэдээлснээр, осол болох үед газар хөдлөх мэт мэдрэмж төрсөн аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна