Б.Жавхлантөгс: Тухлаг сууц бариад гэр хороололд амьдрах хүсэлтэй хүмүүс манайхаас эхлээд олон байгаа. Хүний хүслийг үл тоон дахин төлөвлөлт гээд бусдын газрыг авч, байр бариад байгааг ойлгодоггүй

А.Булганчимэг
2026/01/19

 Улаанбаатар хотод байршлаасаа хамаарч шинэ орон сууцны 1мкв нь 3.3-5.3 сая үнэтэй байгаа. Тэгвэл 2025 онд байрны үнэ жилийн дотор 14.4 хувиар хувиар нэмэгджээ. Энэ нь дунджаар нэг жилд байрны үнэ 30 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Иймээс дундаж цалинтай залуу гэр бүлүүд байр авахад санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг.
Тэгвэл өөрсдийн газар дээр хямд үнээр дөрвөн улирлын гэр сууц барин, гал галлахгүй тогоор халаалтаа шийдэж, байранд байснаас дутуугүй тав тухтай амьдарч байгаа залуу гэр бүлийг энэ удаад онцолж байна. СХД-ийн 41-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Хатанбаатарын гэр бүл 33 мкв хэмжээтэй гэр сууцаа гурван жилийн өмнө 28 сая төгрөгөөр барьжээ. Ингээд хямд төсвөөр хэрхэн тав тухтай амьдарч байгаа тухай бусдад санаа өгөх зорилгоор гэргий Б.Жавхлантөгстэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Гэртээ урьсанд баярлалаа. Юуны өмнө танай гэр бүл хэдий хугацаанд энэ сууц аа барьсан бэ?

 -Бид хоёр залуу гэр бүл учраас тодорхой их хэмжээний хуримтлал бол байгаагүй. Иймд бид хоёр барилгын материалаа бага багаар авсан. Манай нөхөр өөрөө 10 гаруй жил барилгын мужаан хийж байгаа туршлагатай. Бид хоёр өмнө гэрт амьдарч байгаад гэр ээ томруулах эсвэл өөрсдөө ийм гэр сууц барих талаар зөвлөлдөж байгаад ингэж шийдсэн. Манай нөхөр ажлаа тараад ирж хийсээр байгаад зуны гурван сарын дотор гэр сууц аа барьж дуусгасан.


 -Хүмүүс гэр хороололд тохилог амьдарч байгаа хүмүүсээс халаалтаа яаж шийдсэн тухай их асуудаг. Танай гэр бүлийн тухайд халаалтаа яаж шийдэж, сард хэдэн төгрөгийг зарцуулж байна вэ?

 -Манайх гэрийнхээ хойд урд тал хоёр цахилгаан халаагуур тавьсан. Цахилгаан халаагуур дотроо их олон төрөлтэй байдаг юм билээ. Бид судалж байгаад тохирохыг тавьсан. Гэр маш бүгчим халуун байдаг. Гэхдээ бид халууныг тэвчдэггүй, сэрүүн төрлийн хүмүүс болохоор өөрсдөдөө тааруулаад хэмжээг нь тохируулдаг. Манайх хашаандаа хоёр айл байдаг ба цахилгааны хөнгөлөлт аваад сард 400-450 мянган төгрөг гардаг. Нэг айлд хуваавал манайх сард 200-250 мянган төгрөг төлж байна гэсэн үг.

-33 мкв хэмжээтэй гэхэд их саруулхан харагдаж байна. Тааз нь их өндөр болохоор тэгж байна уу?

-Тийм байх аа. Манай гэр канад сууц 33 мкв хэмжээтэй ханын өндөр 2 метр 10 см, тооно нь 3 метрийн өндөртэй. Тааз өндөр байх тусам сууц их саруулхан санагддаг юм билээ. Дээрээс нь хаалга аа шилэн хийсэн болохоор нар тусаад их гэгээтэй байдаг шүү.


-Гадаа, доторх загварыг хэн гаргасан бол?

 -Манай нөхөр ерөнхийд нь загвар аа гаргасан. Хийгээд л байсан би бараг дууссаных нь дараа шийдлүүдийг нь харсан. /Инээв/ Тэгээд би бэлэн болсных нь дараа өөрийнхөө мэдрэмжээр тохижуулсан даа. Тавилга, камин зуух, ханын чимэглэл гээд л. Бид хоёр өөрсдийн сууц аа анх хийсэн болохоор жоохон туршлагагүй бага сага алдаа байдаг юм. Тухайлбал, манай сууцны дээр яг жинхэнэ гэрийн тооно байдаг. Сийлбэр хийсэн хүнээр хийлгэсэн юм. Одоо манай нөхрийн хийдэг гэр сууцны тооно хүннү загвартай. Тийм болохоор нар сайн тусдаг юм билээ.

-Өө танай нөхөр гэр сууц захиалгаар хийдэг юм уу?

-Тийм. Анх өөрсдийн гэр сууц аа хийж байгаа үйл явц, тохижилт оо би цахим хуудаснаа оруулахад их хандалт авсан. Тэгээд ээжийн таньдаг хүн манай нөхрөө гэр сууц хийлгэх захиалга өгч байсан юм. Үүнээс хойш манай нөхөр хавар газар хэсэхээр захиалгаар гэр сууц хийдэг болсон.

-Найз нөхөд, хамаатнууд нь танайхаар зочлохоор юу гэж хэлж байна вэ?

-Маш сайхнаар хүлээж авдаг. Манай найзууд манайд зочлох их дуртай. Гэрийнхээ гадаа террас хийчихсэн болохоор тэндээ зундаа найзуудтайгаа тоглож, суух дуртай.

-Одоо дундаж орлоготой залуу гэр бүл байр авахад хүндрэлтэй байдаг тул урт хугацааны зээл төлөхөөс татгалзаж, эхэлж байх шиг?

 -Манай гэр бүл угаасаа байранд сүжиггүй. Дээр, доор, хажууд айл гэхээр сонин шүү дээ. Дээрээс нь өндөр үнэтэй. Уг нь өөрсдийн газар дээрээ тохилог сууц аа бариад, хүүхдүүд гүйлдээд тоглож, хөдөлж байх нь дээр санагддаг. Манайх Баянхошууны Баруун салаанд амьдардаг. Баянхошуу хавиар газар төлөвлөлтөд орсон гээд байгаа. Уг нь байранд амьдрахгүй гэр хороололд байх хүсэлтэй хүмүүс манайхаас эхлээд олон шүү дээ. Тэгээд хүний хүслийг үл тоон дахин төлөвлөлт гээд бусдын газрыг авч, байр бариад байгааг ойлгодоггүй. Үүний оронд эрчим хүч, халаалт, халуун усны дэд бүтцээ сайжруулсан нь илүү хямд, үр дүнтэй шийдэл юм шиг санагддаг. Сүүлийн үед залуус илүү орчин үеийн гэр сууцанд өөрсдийн газар дээр амьдрах хүсэлтэй байгаа нь мэдрэгдэж байгаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна