Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.01.16/ ээлжит бусаар хуралдлаа. Тус хороо өнгөрсөн сард хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалсан. Энэ удаад сарын өмнө Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон С.Наранцогт Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг анх удаа уншиж танилцуулав.
Тус хорооноос арилжааны банкнаас иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж шинэчлэн тогтоов. Мөн арилжааны банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлж 14 болон 19 хувьд хүргэлээ.
Иргэдийн зээлийн өр, орлогын харьцааг нэмэгдүүлэхэд хэрэглээнээс үүдэлтэй эрэлтийн гаралтай инфляци өндөр байгаа нь нөлөөлсөн. Гадаад эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа үед арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулав. Мөн тэрбээр энэхүү шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах бодлого. Цаашид макро эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо тухай бүрд нь шийдвэр гаргаад явна гэдгийг онцолсон юм.
Төв банкны ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажил явж байна. Цаашид зөв бүтээмжтэй ухаалаг зохион байгуулалтад оруулна. Энэ ажил хоёр үе шаттай явна. Удахгүй шийдвэрээ албажуулна хэмээн бүтэц оронтой холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна