Энэ онд спортын салбарт онцлох олон үйл явдал болно.
Оны эхэнд өвлийн олимп Итали улсад эхлэх бол оны төгсгөлд Сенегал улсад залуучуудын зуны олимпын наадмаар спортын голлох наадмууд өндөрлөнө. Дэлхийн сая сая үзэгчийн анхаарлыг татдаг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн гурван улсад зэрэг зохион байгуулагдана. Эдгээрээс гадна Ази тивийнхэн Японд цугларч шилдгүүдээ тодруулна. Энэ мэтчилэн өрнүүн үйл явдлууд энэ салбарынхныг хийгээд спорт сонирхогчдыг хүлээж байна. Ингээд спортын салбарын онцлох үйл явдлыг хүргэе.
Ердөө 30 хоногийн дараа Итали улсад энэ оны анхны олимпын наадам нээлтээ хийнэ. “Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд 91 орны 2900 гаруй шилдэг тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэж байна. Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд өвлийн олимпын наадмын аваргууд тодорно. Өвлийн наадамд ОХУ-ын багийн төлөөлөл оролцох болсон нь анхаарал татаж байгаа. “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын дараа олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон оросууд “Токио 2022” болон “Парис 2024” зуны олимпын наадмыг өнжсөн билээ. Харин энэ удаа ОХУ-ын шигшээ багаас уран гулгалт төрөлд тамирчнаа илгээх эрхтэй болсон. Иймээс өвлийн олимпын наадамд очих ОХУ-ын баг анхаарлын төвд байсаар байна.
Монгол Улс энэ удаа гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин оролцохоор болсон.
1964 онд Австрийн Инсбрук хотоо зохиогдсон өвлийн олимпын IX наадамд Д.Баадай, Б.Дамдинжав, Б.Дашгай нарын цаначид эх орноо төлөөлөн оролцож байсан энэ буухиа энэ удаа цаначдаар үргэлжилнэ. Сүүлийн хоёр ч олимпод эх орондоо олимпын эрх авчирсан гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах Италийн олимпын эхлэлийг тавьсан юм. Түүний араас эмэгтэй цаначдаас Э.Ариунтунгалаг 2024-2025 онд олон улсад үзүүлсэн амжилтаараа “Милан-Кортина 2026”-д уралдах эрхтэй болсон. Гүйлтийн цаначдын амжилтын араас уулын цанынхан түүхэн ганц эрхийг өнгөрөгч сард авлаа. Энэ болзлыг Ази тивийн сорилт тэмцээнд А.Ариунбат үзүүлж, өвлийн олимпын гурав дахь эрх ирсэн юм. Ингэж монголчууд ирэх сард олимпын наадамд гурван цаначны уралдааныг харна.
Гэхдээ бидэнд дахин нэг боломж бий. Учир нь биатлоны шигшээ багийн тамирчид энэ сард Германд болох “Дэлхий цом”-д оролцсоны дараа эцсийн дүнг хүлээх юм. Учир нь олимпод эхний 100-д багтах биатлончид өрсөлдөх учир Европын залуучуудын аварга М.Энхсайхан энэхүү ганц эрхийн төлөө цуврал тэмцээнд оролцож байгаа юм. Олон улсын биатлоны холбооноос олимпод оролцох биатлончдын нэрсийг нэгдүгээр сарын 18-нд зарлана.
Хүн төрөлхтний баяр цэнгэл болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд АНУ, Мексик, Канад гэсэн гурван улсад зохион байгуулагдах болсноороо анхаарал татаж байгаа. Анхны гэх олон тодотголын эхлэл болсон 23 дахь удаагийн ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 11-д нээлтээ хийж долоодугаар сарын 19-д өндөрлөх юм.
Анх удаа гурван улсын нутаг дэвсгэрт болохдоо анх удаа 48 баг оролцож байгаа нь гол анхаарал татаж байгаа.
Урьдчилсан сонгон шалгаруулалтаас эхлээд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан 48 багийн 42 нь бүрэн тодорсон. Одоо үлдсэн зургаан эрхийн төлөөх тоглолтууд ирэх гуравдугаар сард 23-31-ний өдрүүдэд Мексикийн Гвадалахара, Монтеррей хотуудад болно. Үүний дөрөв нь Европын бүсээс, харин хоёр нь тив хоорондын плэй-оффоос шалгарсан багуудаас тодрох учиртай. Урьдчилсан шатны тэмцээн ФИФАийн зургаан бүсэд, гишүүн 211 холбооноос 207 орон оролцож 883 тоглолт болсноос нийт 2480 гоол хийсэн үзүүлэлт гарчээ. Харин ОХУ, Шри Ланка, Эритрей, Конго улсын шигшээ багууд ФИФА-аас бандуулсан учир урдчилсан шатны тоглолт хийгээгүй юм. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТий урьдчилсан шатны тоглолтод Афганистаны багт хожигдож цааш тоглох эрхийг авч чадаагүй билээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадам энэ жил Япон улсын Айчи муж болон Нагоя хотноо болно. 20 дахь удаагийн “Айчи-Нагоя 2026” зуны спортын наадам есдүгээр сарын 14-д нээлтээ хийж аравдугаар сарын 4-д хаалтаа хийнэ. Наадмын хөтөлбөрт 41 спортын төрөл багтсаны 32 нь олимпын төрөл гэдгээрээ онцлог. Азийн олимпын зөвлөлд харьяалагддаг 45 үндэсний олимпын хорооны 15 мянга гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Монгол Улсаас жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийг өргөлт, байт харваа зэрэг үндсэн төрөлд бүтэн багаараа оролцоно. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Батүшиг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө чиглэл өгөх Азийн олимпын зөвлөлийн Зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам бол шар тивийнхний хүсэн хүлээдэг олимп болсон. Өмнөх Азийн наадам болох “Ханжоу-2022”-оос Монгол Улсын шигшээ баг гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 42 орноос 22-р байрыг эзэлсэн. Энэ наадмаас чөлөөт бөхийн тамирчин Т.Тулга, байт харваагаар Б.Отгонболд нар аваргын алтан медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлж, гурван тамирчин зуны олимпын наадмын эрх авч байв.
Сонирхуулахад, Япон улс өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотод Азийн зуны спортын гурав, 12 дахь наадмыг хүлээн авч байв.

Өвлийн олимпоор эхэлж хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмаар үргэлжилсэн 2026 оны онцлох наадмын хаалт Сенегалын Дакарт болно. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах болсон өсвөр үе, залуучуудын зуны олимпын наадам энэ онд тохиож байгаагаараа онцлог болж байна. Африк тивд олимпын спортын наадмыг зохион байгуулах эрх авсан анхны улс Сенегал болсон нь наадмын утга учрыг улам тэлж чадсан юм.
“Дакар-2026” залуучуудын зуны олимпын IV наадмын медалийн загварын уралдаанд нийт 103 орны төлөөлөл оролцсон бөгөөд 26 настай Испанийн дизайнер Пилар Барбадилло Викариогийн бүтээл шалгарсан байна. Уг медаль нь хүч чадал, зориг, Сенегалыг бэлгэдсэн арслангийн дүрстэй, тэгш хэмтэй нүүр царайтай бөгөөд шударга ёс, хүндэтгэлийг илэрхийлж, Олимпын өвийг бэлгэдсэн чидун титэм зүүлгэн бүтээснийг Олон улсын олимпын хорооноос онцолсон.
Энэ наадмаас “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох баатрууд ч тодорч гарах магадлалтай. Тиймээс 15-18 насны төлөөлөл энэ наадамд эрх авч шигшигдэн оролцдог болсон.
Спорт бол баяр ёслол, хамтдаа орших амьдралын хэв маяг, энх тайван, ойр дотно харилцаа, нийгмийн эв нэгдлийг дэмжих хүчин зүйл гэдгийг наадмаас наадмын хооронд тодотгон өгч байна. Иймээс Олон улсын олимпын хорооноос өсвөр үе, залуучуудын наадамд онцгой анхаарч өвөл, зуны олимпын алдартнуудыг тодруулж эхэлсэн. Залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт эхэлж байсан бол 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентиний Буэнос Айрест явагдсан удаатай. Харин дөрөв дэх зуны наадам 2022 онд болох байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдсон. Иймээс “Дакар 2026” залуучуудын зуны олимпын IV наадам Африк тивд анх удаа болохоор болсон. Сенегалын Дакар хотод ирэх аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ний хооронд болох залуучуудын зуны олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчид ирэх гуравдугаар сараас тодорно. Манай улс залуучуудын зуны олимпын наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Энэ наадмаас Монгол Улсын олон тамирчин олимпын наадмын гараагаа эхлүүлж байв.
эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна