Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах, тохижилтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ.“Гоожингийн өндөр” нь 114 жилийн түүхтэй бөгөөд энэ барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах гэнэ. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй нам жим болсон байв.
Тухайн газрын эздийн зүгээс 900 сая төгрөгөөр үнэлж байгаа бол нийслэлийн албаныхан 400 саяар худалдан авах санал тавьж байсан юм. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан байна.
Түүхэн дурсгалт байшинд 1920 онд Богд хааныг 48 хоног хорьж, 1921 оны наймдугаар сард Залуучуудын эвлэл буюу Бошгыг халах идэр нам хурал цуглаан хийж, 1921 оны арваннэгдүгээр сард Унгар эмч Раднот Андор 10-аад маарамбын хамт тус байшинд ажиллаж байсан" тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд онцолжээ.
Түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын зүгээс дараах саналыг гаргасан байна.
ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд цөөн тоотойгоор баригдсан Дорнод Сибирийн уламжлалт загвартай хоёр давхар модон барилга архитектурын төлөөлөл болсон тус түүхэн дурсгалт байшингийн хадгалалтын өнөөгийн байдлаас харахад нэн даруй сэргээн засварлах шаардлагатай ба байшингийн гадна фассад, цонх, дээвэр, ханын болон дээврийн доод ирмэгийн модон хүрээ, чимэглэл, цонх болон цонхны хөмсөгний хээ чимэглэл зэрэг нь анхны эх төрх байдлаа одоо хүртэл алдаагүй байгаа тул нэн яаралтай сэргээн засварлаж, авран хамгаалах хэрэгтэй байна.
Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ. "Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна