Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг цахим орчинд дээрэлхсэн гэх хэргээр Парисын шүүх 10 хүнийг гэм буруутайд тооцлоо.
Тэднийг тэргүүн хатагтайн хүйс, бэлгийн чиг баримжаатай холбоотой худал мэдээлэл тараасан, хорон сөрөг сэтгэгдлүүд үлдээсэн, хосуудын 24 насны зөрүүг доромжилсон гэж үзжээ.
Эдгээр 10 хүний нэг нь шүүх хуралд ирээгүй тул зургаан сар хорих ял оноож, бусдад нь найман сарын тэнсэн харгалзах ял оноосон байна. Мөн заримынх нь цахим хаягийг хязгаарлажээ.
Өөрийгөө чөлөөт сэтгүүлч хэмээн тодорхойлдог Наташа Рэй, цахимаар мэргэ төлөг үздэг Амандин Рой нар анх 2024 онд "Францын тэргүүн хатагтай гэж огт байхгүй. Харин түүний ах Жан-Мишель Троньё хүйсээ сольж Брижит хэмээн нэрээ өөрчилсөн" гэсэн мэдээллийг цацсан байна.
Давж заалдах шатны шүүхээр тэднийг цагаатгасан ч Макроны гэр бүл уг хэргийг дээд шатны шүүхэд шилжүүлжээ.
Макроны гэр бүл АНУ-ын шүүхэд мөн Кэндис Оуэнсийн эсрэг нэхэмжлэх гаргаад буй. Цахим хуудсандаа олон сая дагагчтай Оуэнс удаа дараа Брижит Макроныг анх төрөхдөө эрэгтэй байсан гэж мэдээлж байв.
Тэрбээр энэ мэдэгдлээ батлахын тулд өөрийн "нэр хүнд, мэргэжил, карьер"-аараа дэнчин тавихад бэлэн гэдгээ хүртэл илэрхийлж байжээ.
Брижит Макроныг хүйсээ солиулсан гэх мэдээлэл Эммануэль Макроныг 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш цацагдаж эхэлсэн.
Брижит ерөнхийлөгч Макроныг дунд сургуульд байхад тус сургуульд багшилдаг байсан бөгөөд тэд 2007 онд буюу Эммануэль Макрон 29 настай, Брижит Макрон 50 настай байхдаа гэрлэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна