Мадурог баривчлах ажиллагааны үеэр 32 иргэн нь амь үрэгдсэнийг Кубын засгийн газар мэдээллээ

Admin
2026/01/06

Бямба гарагт АНУ-ын тусгай хүчний явуулсан Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагааны үеэр 32 иргэн нь амь үрэгдсэнийг Кубын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд тус улс даяар хоёр өдрийн гашуудал зарласан байна.

Амь үрэгдсэн хүмүүс нь бүгд Кубын зэвсэгт хүчний алба хаагчид, тагнуулын байгууллагын ажилтнууд байсныг Хаванын эрх баригчид мэдээлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

“Манай эх орон нэгтнүүд аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлж, халдан түрэмгийлэгчдийн эсрэг шууд тулаан болон байгууламжийн бөмбөгдөлтийн үеэр нэр төртэй, баатарлагаар амиа алдсан” гэж Кубын засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Мадурог засгийн эрхэнд гарснаас хойш Куба улс түүний аюулгүй байдлыг хангах үүргийг тодорхой хэмжээнд хүлээж байсан гэдэг.

АНУ-ын тусгай хүчний ажиллагааны үеэр Кубын хэдэн иргэн Мадурогийн дэргэд байсан нь тодорхойгүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр бас Венесуэлийн хөрш Колумб улсын удирдагчийн эсрэг ижил төстэй ажиллагаа явуулахаар сүрдүүлсэн юм.

“Колумб бол эрүүл бус хүнээр удирдуулсан маш эрүүл биш улс. Тэр кокаин үйлдвэрлэж, АНУ-д зардаг. Гэхдээ тэр энэ ажлаа удаан хийхгүй” гэж Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн нь Колумбын ерөнхийлөгч Густаво Петрог хэлсэн хэрэг бололтой.

Колумбын эсрэг Венесуэлтэй ижил ажиллагаа явуулах эсэхийг нь асуухад Трамп “Надад бол энэ санаа сайхан сонсогдож байна” гэж хариулжээ.

 Эх сурвалж:Ikon.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна