Швейцарь улс 5 хоногийн гашуудал зарлаад байна

Admin
2026/01/05

Швейцарийн уулын цанын баазад аймшигтай, гунигтай үйл явдал боллоо. 400 хүний багтаамжтай бааранд, бенгалийн гал ассан шампанск буудуулснаар таазны чимээ намдаагч хөөсөнцөрт гал авалцан, баар хоромхон зуур галт авс болон хувирч, суурин дээрээ янз бүрийн үндэстний, цэл залуухан 40 (одоо 47 болсон) хүүхэд залуучууд нас барж, 115 хүн түлэгдэж бэртлээ.

Шампанск буудуулахдаа нэг зөөгч нөгөөхийнхөө мөрөн дээр гарч, таазанд ойртсон, гал гарахад дуугарах аюулын дохио, унтраах системгүй байсан, баарнаас гарах ганцхан шат, ганцхан хаалгатай байсан, дуу чимээ намдаагч хөөсөнцөр нь хурдан галд автсан, мөн хана нь модон зэрэг нь олон хүний амь авах шалтгаан болжээ. Энд баар дисконуудыг дуу чимээтэй гээд подвалд оруулсан юм байна.

Швейцарьчууд хүүхдээ хоёр, гурван нас хүрэхэд л цанан дээр суулгаж, гулгуулж сургадаг учир цанандаа их эрэмгий бас дуртай болж, цанын бааз руугаа их явцгаадаг. Мөн Швейцарийн уулыг шүтэж биширч үзэхээр ирдэг ч хүмүүс их. Энэ баар нь нас шалгаж оруулдаггүй байсан учраас 13 настай хүртэл хүүхэд орж байсан бөгөөд 15, 16-тай хүүхдүүд нас барагсад, алга бологсод дунд их байна.

Бааранд гал маш хурдтай дэгдэн амьсгал боогдон юу ч харагдахгүй болж, хэн ч хэндээ ч туслах аргагүй болж, зарим нь шатаж, зарим нь ухаан алдан унаж, ганц хаалган дээрээ овооролдон гацсан байна. Хаалган дээр овоорол үүсээд байхад туслаагүй, гаднаас нь бичлэг хийцгээсэн гэсэн ч шүүмж их явж байна.

Хаалганы хажуугийн шилэн цонхыг хагалж, нэмж гарцгаасан бөгөөд нейлонон хувцаснууд биен дээр нь наалдан шатаж, амьдаараа шатаж галтай гүйсэн, арьс нь хуурсан, тусламж аврал эрсэн, аймшгийн кино шиг юм болжээ.

Мөн заримдаа тусалтал гар дээр нь нас эцэслэсэн, яаж ч чадаагүй алдаж байгаадаа гүн шоконд орсон гэх мэт түүхүүд цуварч байна. Зарим нь танигдахгүй болтлоо шатсан учраас шарил таниулах боломжгүй, хэн нь мэдэгдэхгүй, шинжилгээний хариу гартал хүүхдээ хайсан, горь нь тасраагүй, нүдэндээ горьдлоготой ээжүүдийг харахаар бүр үгээр хэлшгүй.

Баар саванд орсон хүүхдийн хүмүүжил яригдаж байгаа ч огт гарч ордоггүй, анх удаа гараад өртчихсан хүн байна, яг шинэ он болохын өмнөхөн гараад л, эсхүл гэрээсээ гараад 1, 2-хон цаг болоод л шатчихсан олон гунигтай түүхүүд. Мөн тус баарны ширээний захиалга дүүрсэн тул орж чадаагүй азтанууд ч байна.

Хэдийгээр үнэтэй цанын бааз, үнэтэй газар ч гэсэн шинэ оноо давтагдашгүй сайхан гаргах гэсэн, найз нөхдөө дагаад хөөрч гүйж байсан жирийн л айлын нялх үрс ихэнхи нь байж, хүсэлтэй мөрөөдөлтэйгээ үүрд одлоо. Тэр битүү галтай хайрцганд жаахан амьтад яаж айж, сандарч зовж өвдөж өнгөрсөн бол доо гэж бодохоор л...

Энэ явдалтай холбоотойгоор Швейцарь улс 5 хоногийн гашуудал зарлаад байна.
Эх сурвалж : Мөрч.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна