ТОЙМ: 2025 онд Монголчуудын дэлхийд гаргасан бахархам амжилтууд

А.Булганчимэг
2025/12/27

Хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, үнэнч шударга, ёс зүйг эрхэмлэн дээдэлсэн ариун цагаан хөдөлмөрөөрөө, амжилт бүтээл гаргасан хэн бүхнийг хэвлэл мэдээллийн салбарынхан бид дүрсээр, дуу хоолойгоор, бичгээр мөнхөлж, тэднийг он цаг хугацааны нэгэн баримт болгон үлдээх үүрэгтэй билээ. Иймд Asu.mn сайтын редакцаас 2025 онд соёл, урлаг, энтертайнмент, спортын салбараас хамгийн гайхалтай, онцгой, бахархам амжилтыг гаргасан эрхмүүдийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: “Physical Asia” шоу нэвтрүүлэгт оролцсон Монголын баг, тамирчид

 Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Netflix  энэ 10 дугаар сард “Physical Asia” шоу нэвтрүүлгээ цацсан билээ. Тус шоунд Монгол, Австрали, Япон, Солонгос, Турк, Тайланд, Филиппин, Индонез гэсэн 8 орон оролцсон бөгөөд Монгол улс 2 дугаар байранд шалгарсан юм. Баатар Чингисийн үр сад гэдгээ харуулж эв эе, хүч чадал, тэмцээний тактик, эерэг хандлагаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан Монголын баг тамирчдыг бид оны онцлохоор нэрлэж байна.

“Physical Asia” шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчдийг байлдан дагуулсан  бөгөөд  Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалтыг авч чадсан юм. Netflix-ийн шинэхэн төсөл  болох олон улсын шилдгүүдийг нэг дор цуглуулсан тус шоунд Монгол улсын нэрийн өмнөөс хүч сорьж, монгол эмэгтэйчүүдийн тэсвэр, тэвчээр ямар байдгийг дэлхийд харуулсан нэгэн бол Монгол Улсын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн байв. Түүний “ахаа сэтгэлийн хүчээр л давна шүү дээ “ хэмээн хэлсэн үг, харц  Монголчууд төдийг олон улсын үзэгчдийг байлдан дагуулж Монгол эмэгтэйн тэсвэр тэвчээрийг тунхагласан юм. Харин эцсээ хүртэл шүд зуун тэвчихдээ багийнхан руугаа инээмсэглэн нүд эрмэх Б.Энх-Оргилоос сэтгэлзүйн хат, тэвчээр, өрсөлдөөч чанар, даруу төлөв байдал гээд олон чанарыг үзэгчид олж харсан. Мөн Physical Asia шоу нэвтрүүлгийн циркчин, МУГЖ Э.Лхагва-Очир олон улсын үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан. Түүний хувьд энэ нэвтрүүлэгт оролцсон оролцогчид дундаас ганцаараа урлагийн салбарын төлөөлөл байсан бөгөөд энэ давуу талаа ч маш сайн харуулж чадсан билээ. Агаарт олсон дээр тогтох тус даалгаврыг инээмсэглэсээр дуусгасан Э.Лхагва-Очир циркийн жүжигчний уян хатан байдал, тэсвэр тэвчээрийг харуулж чадсан.  Мөн финалд ялагдсан ч төрийн далбаандаа мөргөсөн торгон агшин Монголчуудын омогшлыг төрүүлж чадсан юм. Гайхалтай тактик, удирдан зохион байгуулах авьяас, дулаан инээмсэглэл мэдээж хүч бяр гээд багийн ахлагч Б.Орхонбаяр гээд бүх оролцогчид  эвтэй бол хүчтэй, эвт шаазгай буга барина гэх мэт эв эеийг эрхэмлэхийг бэлгэдсэн олон зуун Монгол зүйр үг, сургаалыг дэлгэцнээ харуулж чадсан билээ.

 Энэ бол зөвхөн хүч чадал, бие бялдрын тэмцээн бус улс орны нэр хүндийн төлөөх өрсөлдөөн байсан юм. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, ёс зүйг эрхэмлэн дээдлэн, хөгжүүлэх аваас цөөхөн бид дэлхийн талыг ч эзлэх чадалтай билээ.

2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: Дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин

 Аливаа улс үндэстний хөгжлийг соёл урлагаар нь тодорхойлдог. Тэгвэл дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг гэдгээ бид сонгодог урлагийн түвшнээрээ харуулж чаддаг юм. Ч.Бадрал, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Э.Анхбаяр гээд олон дуурийн дуучдыг бид ам бардам нэрлэж чадна. Тэдний нэг Монгол Улсын Ардын жүжигчин  Э.Амартүвшин 2025 оны дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарсан билээ. Мөн оны өмнөхөн “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон дуучин шагналыг хүртсэн юм.

МУГЖ Э.Амартүвшин нь П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гранпри, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байр, Франциско Винасын нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байр, Франциско Винасын нэрэмжит олон улсын 50 дугаар уралдаанд 2-р байрын шагнал гээд түүний амжилт дундаршгүй их билээ. 2018 онд Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинаци”-д анх удаа Монгол улсыг төлөөлөн нэр дэвшиж байсан бол энэ онд дэлхийн шилдэг баритон дуучнаар нэрлэгдсэн юм. Энэ мэтчилэн тэрбээр олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож дэлхийн тайзнаа томоохон дууриудын гол дүрийг бүтээж  эх орныхоо нэрийг дуурсгасаар байна.

  2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: Дэлхийн электрон спортод байр сууриа дархалсан “The Mongol Z” баг

 Монгол улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцож буй Монгол бахархал болсон “The Mongol Z” багийг Asu.mn сайт Монголын соёл урлаг, энтертайнмент , спортын салбарын оны онцлохоор нэрлэж байна.

 Саудын Арабын нийслэл Рияад хотноо зохион байгуулагдсан нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай "Esports World Cup 2025" тэмцээний аваргаар Монголын “The MongolZ” тодорсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн байлаа. “The MongolZ”, Esports World Cup 2025 тэмцээний финалын тоглолтод Туркийн AURORA багийг гурван МАР дараалан ялж, уг тэмцээний цомын эзэн болон 500 мянган долларын шагнал хүртсэн юм. Финалын ширүүн тулаанд “The Mongolz” тактик, тоглолтын мэдрэмж, багийн зохион байгуулалтаараа илт давамгайлж, ялалтаа бататгасан билээ. Мөн тус тэмцээний MVP-ээр "Techno4K " шалгарсан билээ. Ийнхүү Монголын И спортын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх түүхэн үйл явдлын эзэн болсон Mongolz баг тус ялалтаараа Монголчуудыг нэгтгэж, сэрээж чадсан билээ.

 “The MongolZ” баг нь зөвхөн цахим спортын амжилтаар зогсохгүй, дэвшилтэт технологи, цахим орчны давуу талыг ашиглан эх орноо, Монгол үндэстнийг бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг, шинэлэг дүр төрхийг цогцлоосноороо онцлог байв. Тэдний энэ амжилтыг Монгол улс Засгийн газар үнэлж Соёлын яамнаас Соёлын элчээр өргөмжилсөн юм. 2025 онд “The MongolZ” баг ийнхүү “Соёлын элч”-ээр өргөмжлөгдсөн анхны спортын баг болон түүхэнд бичигдэн үлдлээ.  

 2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: Уянгалаг хоолойгоороо “Silk Way Star”-ын тайзыг эзэгнэсэн дуучин Ч.Мишээл

Asu.mn Монголын соёл урлаг, энтертайнмент салбарын оны онцлох хүнээр дуучин Ч.Мишээлийг нэрлэж байна.  Монголын соёл урлагийн ертөнцийн 2025 оны хуудсанд өөрийн нэрээ тодоор үлдээсэн хүн бол дуучин Ч. Мишээл юм. Гайхамшигт хоолой, гоо үзэсгэлэнгээр хэдийн Монголчуудыг байлдан дагуулаад байсан тэрээр Казакстан улсад зохиогдсон “Silk Way Star” Азийн олон улсын дууны тэмцээний анхны улирлын ялагчаар тодорсон юм. Тэрээр тус тэмцээний 2 дугаар байранд орсон Казакстан улсын оролцогчоос 5 оноогоор илүүрхсэн билээ.

Энэхүү шоу нь Азийн анхны олон улсын дууны тэмцээн болсон бөгөөд Азербайжан, Армени, Гүрж, Малайз, Казахстан, Хятад, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 улсын дуучид оролцжээ. Тэрбээр ялагч болж шагналаа гардан аваад "Би ялагчийнхаа сэтгэгдлийг монгол эх хэлээрээ хэлмээр байна. Та нартаа маш их баярлалаа. Энэ бол зөвхөн миний дуу хоолой байгаагүй, энэ бол Монгол үндэстний дуу хоолой байсан юм шүү. Монголд үндэстэн бид өөрсдийнхөө боддогоос илүү маш их хүчтэй гэдгийг ойлгоорой. Та нартаа хайртай шүү" гэсэн юм. “Silk Way Star” Азийн олон улсын дууны тэмцээний анхны улирлын ялагч, авьяаслаг, үзэсгэлэнт Ч.Мишээлдээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье.

2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: Агаарт дүүлэн эргэлдэх циркчин СТА Т.Номуунбаатар

Манай үе үеийн циркчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирснээрээ Монгол циркийг дэлхийн шилдэг 5 циркт багтааж чадсан. Монголын цирк уран нугаралт, хүндийн өргөлт, морьтны гайхамшиг  зэрэг үзүүлбэрээрээ дэлхийд гайхагддаг байсан бол сүүлийн жилүүдэд Шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээрээ цойлж байгаа. Үүний баталгаа бол Б.Золбаяр ахлагчтай 9 өрлөг болон Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрийн багууд юм. Манай редакцаас бэлтгэн хүргэдэг “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн зочин Т.Номуунбаатарын хувьд тус үзүүлбэрээр агаарт 6 эргэсэн дэлхийн 3 дахь циркчин бөгөөд одоо эргэж буй цор ганц жүжигчин юм. Тэгвэл энэ амжилтын буухиаг Монголын циркчид үргэлжлүүлж байна.

Хятадын циркийн өлгий гэгддэг Учао хотод болсон “Дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээн”-ий 20 дахь удаагийн уралдаанд Монголын залуу уран бүтээлчид амжилттай оролцлоо. “Монгол Циркус Энтертайнмент”төвийн “The Mongol’s Team”-ийн “Шидэх банз”-ны үзүүлбэрээр оролцсон 17-18 насны уран бүтээлчид дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй өрсөлдөн “Хүрэл арслан” цомын эзэд болсон байна. Ийнхүү тэд уран бүтээлийнхээ гарааг хилийн чанад дахь нэр хүндтэй тэмцээнээс амжилт дүүрэн эхлүүлж, Монголын циркийн нэр хүндийг олон улсад дахин мандууллаа. Мөн ОХУ-ын Ижевск хотод зохион байгуулагдсан олон улсын циркийн жүжигчдийн уралдаанд Монгол циркийн хөгжлийн төв, “Mongolian circus production Erdene” циркийн жүжигчид амжилттай оролцсон юм. Тэд “Mystery of Gentlemen” шариктай акробатын үзүүлбэрээр мөнгөн цом хүртжээ.

 Үегүй мэт нугарах нугараачид, сургуультай амьтад, алаг эрээн хувцас, ээтэн гутал өмссөн алиалагчид, ид шидтэй гэмээр илбэчид гээд цирк бүхэлдээ гайхалтай урлаг. Мөн цирк бол зориг, тэвчээр бас итгэлцлийн урлаг юм. Агаарт дүүлэн нисэж байгаа агаарын гимнастикчид, амь насаа тэнсэн үсрэх акробатчид, хүний санаанд оромгүй өндөрт ямар ч хамгаалалтгүй тэнцэн тогтох жүжигчид Монголын циркийн урлагийн  үе үеийн нийт уран бүтээлчдэдээ шинэ оны мэндийг хүргэе.

           2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: 3х3 Үндэсний шигшээ багийн тамирчид

 Үргэлжлүүлэн 3х3 Үндэсний шигшээ багийг Asu.mn Монголын соёл урлаг, энтертайнмент , спортын салбарын оны онцлохоор нэрлэж байна.2025 оны Дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд сэтгэл догдлуулж, хүч шавхсан гайхамшигт тоглолтуудыг үзүүлж, Олимп, дэлхий, тивийн аварга багуудыг дараалуулан сүүлийн оноогоор буулган авч Дэлхийн дэд аварга болсон хүчирхэг Монгол бүсгүйчүүд 2025 оны спортын мартагдашгүй түүхийг бүтээгчид байлаа.

 Монгол улсын үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө Нидерландын багийн эсрэг тоглож, 15:9 онооны харьцаагаар хожигдож  Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр манай улс Олимпын төрлийн багийн тэмцээний ДАШТ-ээс анх удаа медаль хүртэж байгаа юм. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин  О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарын энэхүү түүхэн амжилтыг төр үнэлж МУГТ цол олгосон юм.  Тус багийн хамгийн залуу гишүүн Н.Нандинхүсэл 18 насандаа МУ-ын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

 Монгол улсынхаа төлөө бүх зүрх сэтгэлээ дайчлан тоглосон, Дэлхийн аваргын мөнгөн медальт охиддоо спортын өндөр амжилт хүсье.

          2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: Хатан янчрыг эзэмдэгч Т.Өлзийжаргал

Asu.mn сайт Монголын соёл урлаг, энтертайнмент, спортын салбарын оны онцлох хүнээр ёочинч Т.Өлзийжаргалыг нэрлэж байна. Манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MYCAREER” нэвтрүүлгийн зочин, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол хөгжимчин, ёочинч Т.Өлзийжаргал АНУ-ын Нью Иорк хотод байрлах алдарт “Carnigo-Hall” концертын танхимд “Mongolian Steppe Wind”  тоглолтоо толилуулж Монгол ёочингийн уянгат аялгууг эгшиглүүлсэн юм.

 Шинэ Монголын драм, жүжиг, дуурь, циркийн урлагийн тайз холын мөрөөдөл байсан бол одоо ойрхон болсон гэдгийг бид баталсаар байна. Тэдний нэг ҮУИТ-ын Үндэсний их найрал хөгжмийн гоцлол хөгжимчин, ёочинч Т.Өлзийжаргал билээ. Хатан янчрыг эзэмдэгч Т.Өлзийжаргал нь УГЗ Б.Шаравын нэрэмжит /2016/ ОУ-ын 2-р уралдааны Дэд байр, МУГБ Г.Дашдаваагийн нэрэмжит “Ёочин,ёочин төст хөгжимчдийн ОУ-ын 2-р уралдаан”-ны /2018/ Тэргүүн байр, Виртүс академийн 2018 оны “Шилдэг гарамгай хөгжимчин”, 2025 онд “Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчний шагналыг хүртсэн юм. Мөн хэд хэдэн бие даасан тайлан тоглолтоо ч эх орондоо тавьсан. Түүгээр зогсохгүй БНХАУ-ын Шанхай хотноо урилгаар “Cadillac Shanhai Concert Hall”-н тайзнаа бие даасан тоглолтоо толилуулсан юм. Монголын суу билигт хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров болон Ш.Өлзийбаяр, Цэн Эрдэнэбат нарын ёочинд зориулсан бүтээлүүдийг гаднын улс орны тайзнаа анх эгшиглүүлсэн нь Монголын хөгжмийн урлаг тэр тусмаа ёочин хөгжимчдийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ.  

    2025 ОНЫ ОНЦЛОХ ЭРХМҮҮД: Дэлхийн латин америк бүжгийн тайзнаа шинэ салхийг сэвэлзүүлсэн  “Moondance” хамтлаг

Дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулдаг, дэлхийн аварга шалгаруулах Формейшны стандарт, латин бүжгийн тэмцээнд 2017 оноос хойш тасралтгүй оролцож, амжилт үзүүлж байгаа “Moondance” хамтлаг энэ жил дэлхийн аваргаас хос медальтай эх орондоо ирсэн юм. Тодруулбал Стандарт бүжгийн төрөлд хүрэл медаль мөн латин формейшн төрөлд хүрэл медалийг хүртсэн билээ. Ингэснээр Ази тивээс Стандарт бүжгийн төрөлд медаль хүртэж буй анхны улс болсноороо онцлог жил байлаа.

Тэдний хувьд Латин Америк бүжгийн төрөлд “Чингис хаан” бүжгээрээ оролцсон бөгөөд энэ нь дэлхийн латин америк бүжгийн төрөлд шинэ салхи оруулсан үйл явдал байсан юм. Ийнхүү “Moondance” хамтлаг Ази тивээс анхны стандарт бүжгийн төрөлд медаль авсан баг болсон төдийгүй эх орныхоо түүх, соёл, урлагийг дэлхийн тайзан дээр харуулсан юм.  Тэр тусмаа цэнгээнт бүжиг нь манай улсад харьцангуй хожуу хөгжсөн ч манай бүжигчид сүүлийн жилүүдэд тогтмол хагас пиналд үлдээд зогсохгүй цомын эзэд болсоор байна. Дахин сануулахад энэ жил Moondance  хамтлаг амжилтаа ахиулж Ази тивээс анхны стандарт бүжгийн төрөлд медаль авсан баг болсон Бахархам амжилт үзүүлсэн Moondance хамтлагийнхандаа баяр хүргэе.

 Бидэнд бахархах зүйл маш их бий. Эх нутаг, хэл соёл, ёс заншил, өв уламжлал, бас авьяас. Бид өнөөдөр  авьяасаараа дэлхийд гайхагдаж, дэлхийд танигдаж эхэллээ. Үүнийг баталж харуулж чадсан энэ оны шилдгийн шилдгүүддээ талархаж байна. Дэлхийн олон тайзнаа Монгол улсын нэр чангаар цуурайтаж байна. Тэд цуурайтуулж байна.

 Asu.mn сайтын редакцаас 2025 онд соёл, урлаг, энтертайнмент, спортын салбараас хамгийн гайхалтай, онцгой, бахархам амжилтыг гаргасан эрхмүүдийн мэдээллийг тоймлон хүргэлээ. Asu.mn сайтын эрхэм уншигч, үзэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна