Монгол эмэгтэй хулгайд алдсан утсаа Лондонгийн цэцэрлэгт хүрээлэнд модны ёроолоос ухаж олсон мэдээ Британийн хэвлэлээр түгээд байна
Оюунгэрэлийн Агиймаа гэх энэ эмэгтэйг Бямба гарагт Суррей Куэйс дэх галт тэрэгний буудлын гадаа зогсож байхад нь дугуйтай залуу гэнэт гарнаас нь утсыг нь шүүрч аваад зугтсан байна. Харин 35 настай Агиймаа Google-ийн Find My Device аппыг ашиглан утасныхаа байршлыг дагасаар Льюишам дүүргийн Пепис Паркт очжээ. Тэнд очоод газрыг ухаж үзтэл өөрийнхөө утаснаас гадна өөр дөрвөн ч утас олсон байна.
Сүүлийн үед гэмт хэрэгтнүүд хулгайлсан утсаа нийслэлийн Финикс Гарден, Вест Энд зэрэг газруудад ингэж нуудаг болсон тухай мэдээлэл тархаад байсан юм. Хулгайч нар олон утастай явж байгаад баригдах эрсдэлээс сэргийлж, мөн цагдаа нарын эрэл сураг намдтал хүлээх зорилгоор ийм арга хэрэглэдэг бололтой. Дараа нь тэд нуусан зүйлээ ухаж аваад гадаадад зарж борлуулдаг байна.
Оюунгэрэл, "Тэр хулгайч яагаад ийм амархан алдаа гаргасныг бүү мэд. Нэг их туршлагагүй нөхөр байсан юм болов уу. Үнэхээр азтайдаа итгэж чадахгүй байна" гэж ярьжээ.
Сэтгүүлч, контент бүтээгч, орчуулагч мэргэжилтэй тэрбээр Монголоос Лондонд нөхөр дээрээ түр хугацаагаар ирээд байжээ. Түүнийг машины эд ангийн худалдаа руу явж байхад нь л дээрэмдсэн байна. Агиймаа хулгайчийн араас хөөсөн ч дугуйтай байсан тул гүйцээгүй аж. Ойролцоох ломбардын ажилтантай уулзахад, хэдхэн минутын өмнө бас нэг хүний утсыг яг ийм аргаар хулгайлсан гэж хэлжээ.
Энэ явдал нь Лондонд гар утасны хулгай ихсээд байгаагийн нэг жишээ юм. Metropolitan Police-ийн мэдээлснээр, зөвхөн өнгөрсөн жил Лондонд 116,000 буюу өдөрт дунджаар 320 гар утас хулгайд алдагджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Daily Mail сонинд бичсэнээр, цагдаа нар Их Британийн гудамжнаас хулгайлагдсан гар утасны бараг талыг нь гадаад руу гаргадаг томоохон сүлжээг илрүүлсэн бөгөөд Скотланд Ярдын комиссар энэ ажиллагааг "утасны хулгайн эсрэг дэлхийн хамгийн том ажиллагаа" гэж нэрлэсэн байдаг.
Эх сурвалж: Daily Mail
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна