Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай хууль бус зар, мэдээлэл цөөнгүй нийтлэгдэх болсонтой холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон байдаг. Тодруулбал, иргэн, байгууллагын улс орныхоо хөгжил, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан бодит хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж төрийн дээд шагналыг зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог журамтай. Иймд төрийн одон, медаль нь хувь хүний нэр төр, төрийн бэлгэдэл, түүхэн үнэ цэнийг илэрхийлдэг онцгой ач холбогдолтой шагнал юм.
Гэтэл эдгээр шагналыг худалдах, худалдан авах, бусдад дамжуулах, хуурамчаар үйлдэх оролдлого гарч байгаа нь хууль зөрчсөн, төрийн бэлгэдлийг үл хүндэтгэсэн үйлдэлд тооцогддог байна. Хууль тогтоомжид энэ төрлийн зөрчилд хатуу хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Тухайлбал, “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах, зуучлах зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд тухайн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Энэ нь төрийн шагналтай холбоотой хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар Монгол Улсын төрийн одон, медаль, улсын цолоор шагнагдаагүй этгээд уг шагналын тэмдэг, одон, медалийг зүүсэн, өөрийгөө шагнагдсан мэтээр илэрхийлсэн тохиолдолд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн шагналыг зүүх эрх нь зөвхөн тухайн шагналыг хууль ёсоор хүртсэн хүнд хамаарах бөгөөд бусдад дамжуулах, зүүхийг хориглодог.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан цахим орчинд нийтлэгдэж буй дээрх төрлийн зар, мэдээлэлд автахгүй байх, төрийн одон, медальтай холбоотой аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна