Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал нэмэгдэж, оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан. Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм. Уг төсөл нь хоёр чиглэлд хэрэгжихээр төлөвлөсөн. Эхний буюу Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээж авч байна. Харин Хоёрдугаар тойрог зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун болон зүүн чиглэлээр Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог авто замын төсөлтэй холбогдож хэрэгжинэ. Баруун чиглэл 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор өнгөрч, Баянхошууны уулзвар орчимд нэгдүгээр тойрог замтай холбогдохоор төлөвлөсөн бол зүүн чиглэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөсөн. Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, эцсийн шатны тайлан хүлээлцэх шатандаа хэрэгжиж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна