Австралийн ерөнхий сайд зэвсэгт халдлагыг зогсоох гэж оролдсон Ахмедад хүндэтгэл үзүүлэв

Admin
2025/12/17

Өнгөрсөн Ням гарагт Австрали улсын Бонди Бич далайн эргийн амралтын газарт зэвсэгт халдлага гарсны улмаас 15 хүн алагдаж, олон арван хүн шархадсан билээ.

Жүүд хүн амын эсрэг чиглэсэн энэ халдлагыг 1996 оноос хойш тус улсад гарсан хамгийн олон хохирогчтой аллага гэж үзэж байна. Террористын гараас зэвсгийг нь салгах гэж тэмцэлдсэн нэг эр энэ үйл явдлын дараа баатарлаг үйлдлээрээ алдаршаад байгаа. Өчигдөр Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз эмнэлэгт эмчлүүлж буй “Бондигийн баатар” Ахмед аль Ахмедыг эргэж, хүндэтгэл үзүүлжээ. Сирид төрж өссөн тэрбээр хоёр хүүхдийн аав бөгөөд жимсний дэлгүүр ажиллуулдаг юм байна. Ахмед зэвсэгт этгээдтэй тэмцэлдэх үедээ мөрөндөө хэд хэдэн удаа буудуулж шархадсан юм.

“Манай улсын хамгийн шилдэг иргэн” гэж Ахмедыг ерөнхий сайд магтжээ. Тэрбээр өнөөдөр буюу Лхагва гарагт дахин мэс засалд орох юм байна. “Тэр аяга кофе уухаар явж байхдаа нүднийх нь өмнө хүмүүс буудуулж байгааг харсан. Энэ үед тэр хариу арга хэмжээ авахаар шийдсэн нь бүх Австраличуудад урам зориг өгсөн үйлдэл байлаа. Тэр маш даруухан хүн юм. Манай улс бол зоригтнуудын улс. Ахмед аль Ахмед бол манай улсын шилдэг төлөөлөл юм. Ахмед, та бол Австралийн баатар” гэж Албаниз хэлжээ. Энэхүү үйл явдлын дараа Австрали даяар Ахмедад тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнөсөн юм. Түүний баатарлаг үйлдлийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл магтан сайшааж байлаа. Америкийн нэг тэрбумтан Ахмедад $99,9999 хандивлаж байгаагаа зарласан байна. Ахмедын аав хүүгийнх нь “өрөвч сэтгэл, хүнлэг чанар” ийм үйлдэл хийхэд хүргэснийг хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна