Өнгөрсөн долоо хоногт Өмнөд ба Зүүн Өмнөд Ази даяар үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, үер, хөрсний гулгалтын улмаас Индонез, Шри Ланка, Тайландад нийт 1400 гаруй хүн амиа алдсан талаар холбогдох байгууллагууд мэдээлэв. Цаг агаарын эрс тэс үзэгдэл, гамшгийн давтамж нэмэгдэж буй нь бүс нутгийн засгийн газруудад байгаль орчны бодлого, гамшгийн менежментийн тогтолцоог яаралтай эргэн харах шаардлагыг ургуулан тавьж байна.
Индонезийн баруун бүсийн Суматра аралд орсон тасралтгүй аадар бороо үерийн ус огцом нэмэгдэхэд хүргэж, олон бүс нутагт хөрсний гулгалт үүсэв. Урьдчилсан тооцоогоор 770 хүн амь үрэгдэж, 463 хүн сураггүй байна. Аврах багууд нуранги, шавартай бүсэд ажиллахад хүндрэлтэй байгаагаас эрэн хайх ажиллагаа удааширч байгаа аж.
Байгаль орчны мэргэжилтнүүд болон ТББ-уудын мэдээлснээр, Суматрын олон хэсэгт уул уурхайн олборлолт болон хөдөө аж ахуйн тэлэлтийн зорилгоор ой модыг хэт хурдацтай тайрч, газрын бүтцийг сулруулсан нь хөрсний гулгалт үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлжээ. “Энэ бол зөвхөн цаг уурын бус, олон жилийн турш үргэлжилсэн байгаль орчны бодлогын алдааны үр дагавар” хэмээн орон нутгийн байгаль хамгаалагчид мэдэгдсэн байна.
Индонезийн Ойн сайд Ража Жули Антони хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ болсон үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлээд, байгаль орчны менежментийн бодлого, хяналтыг эргэн харах цаг ирсэн гэдгийг онцлов. Тэрбээр эдийн засгийн өсөлтийг дөвийлгөн, экологийн тэнцвэрийг үл ойшоосон дадлыг засах шаардлагатайг тодотгожээ.
Шри Ланкын баруун болон төв хэсгээр хүчтэй аадар бороо орж, голын ус огцом нэмэгдсэн нь олон айлыг үерт автуулсан байна. 479 хүн амиа алдсан, олон хүн орон гэрээ алдаж, хэдэн арван мянган иргэн түр хоргодох байранд амьдарч байгаа тухай тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ. Түүнчлэн Шри Ланкад дор хаяж 800 орчим хүн сураггүй байгаа бөгөөд аврах ажиллагаа нэн яаралтай үргэлжилж байна. Усанд автсан зам, гүүр нурсан зэрэг нь аврагчдын ажилд томоохон хүндрэл үүсгэж байгаа аж.
Тайландын өмнөд мужуудад үерийн байдал мөн хүндрэлтэй хэвээр байна. Орсон бороо богино хугацаанд их хэмжээний ус хуримтлуулахад хүрч, 170 хүн амиа алдсан бөгөөд олон мянган өрх усанд автжээ. Цэргийн ангиуд, сайн дурынхан нийлж аврах ажиллагааг өрнүүлж, иргэдийг өндөрлөг газар нүүлгэн шилжүүлж байна. Тус гурван улсад нийлээд хэдэн зуун мянган хүн хүндрэлд орж, олон айл өрх орон гэргүй болоод байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагуудын зэрэгцээ олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дэмжлэг үзүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна