Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Роналду түүхэн дэх анхны тэрбумтан хөлбөмбөгчин болжээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
К.Роналду зургаадугаар сард Саудын “Аль-Наср” клубтэй 400 сая гаруй ам.долларын шинэ гэрээ байгуулснаар дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын нэг болсон байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр анх удаа үнэлэгдэж байгаа португал довтлогчийн хөрөнгө 1.4 тэрбумд хүрсэн байна. Ингэснээр Роналду хөл бөмбөгийн түүхэнд тэрбумтан болсон анхны тоглогч болжээ.
К.Роналду олон жилийн турш өөрийн гол өрсөлдөгч Аргентиний довтлогч Лионель Месситэй ойролцоо орлого олдог байжээ. Харин 2023 онд Л.Месси чөлөөт агентын хувиар Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн (MLS) “Интер Майами” клубт шилжсэнээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна.
К.Роналдугийн хөрөнгийг үнэлэхдээ хөл бөмбөгийн спортод хөл тавьснаас хойш олсон орлого, мөн хөрөнгө оруулалт, зар сурталчилгааны гэрээнүүдээс олсон орлогыг одоогийн татварын хувь хэмжээ, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үнэлжээ.
Өдгөө 40 настай К.Роналду “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн бөгөөд Аваргуудын лиг, Европын таван удаагийн аварга, УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хоёр удаагийн аварга юм. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч бөгөөд Европын цомын тэмцээнд хамгийн олон тоглосон дээд амжилтын эзэн юм. Мөн Европын Аваргуудын лиг болон Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн олон гоолын эзэн билээ. Түүнчлэн Английн Премьер лиг, Испанийн Ла Лиг, Италийн Сери А-гийн улирлын шилдэг тоглогч болон мэргэн буучаар шалгарч байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна