Ахмад настнууд тэтгэврээ нэмүүлэх зорилгоор есдүгээр сарын 10-аас хойш 30 гаруй хоногийн турш төрийн ордны гадна жагсаж байна. Одоогоор ахмадуудын хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг байна. Энэ мөнгө хүнс, барааны үнийн инфляцтай уялдан хэрэглээнд нь хүрэлцэхгүй байгаа гэж ахмадууд хэлж буй. Тэтгэвэр болон бусад ахмадуудад тулгардаг асуудлын талаар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө танд Ахмадуудын баярын мэнд хүргэе. Энэ долоо хоногт ахмадын баяр гээд нэлээн томоохон баяр болж өнгөрлөө. Хамгийн эхний асуултаар ахмадуудад тулгамдаад байгаа асуудал юу вэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Баярлалаа. Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөр НҮБ-аас Олон улсын ахмадын өдөр бий болгосноо хойш Монголын ахмадын холбоо ахмадын баярын өдрийг тэмдэглээд 30 гаруй жил болж байна. Мэдээж эн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол амьдралын баталгаа, орлогын баталгаа хангах явдал. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж, тэтгэврийн тухай хуульд амьжиргааны өртгийн инфляцтай холбогдуулж тэтгэврийг нэгдүгээр сарын 1-ээс нэмнэ гээд заасан байдаг. Тэгэхээр үүний дагуу өмнө жил нэмэгдүүлсэн. Энэ жил нэмэгдүүлэхээр төсөвт тусгагдаад явж байгаа. Харамсалтай нь амьдралын баталгаа болсон тэтгэвэр нь бага хэмжээтэй байгаа учир төрийн ордон тойрч жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлах хүртлээ тэмцэж байна. Энэ бол зүй ёсны асуудал.
-Та бас хэд хоногийн өмнө Төсвийн байнгын хорооны хурлаар орж сэтгэгдлээ илэрхийлсэн гэсэн. Тухайн үед юу болсон бол?
-Есдүгээр сарын 10-аас энэ жагсаал эхэлсэн. Үүнээс өмнө бол ахмадууд үзэл бодлоо илэрхийлээд яваад байсан. Ингээд 36 дахь хоног дээрээ санал бодлоо илэрхийлээд яваад байгаа юм. Энэ ахмадуудын жагсаал тэмцэл хийж байгаа асуудлыг үндэслэж тавьсан. Тав зургаан төрлийн шаардлага байгаа. Хамгийн гол нь бид энэ тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг нэлээн нухацтай авч үзээч ээ гэж байгаа. Энийг шууд 1 сая 500, 2 сая гээд тоо заагаад нэмэгдүүлэх биш. Ер нь энэ тэтгэвэр, ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тусад нь гаргаач ээ гэж шаардаж байна. Ахмад настны тэтгэврийн асуудлаар 2030 он хүртэл баримтлах үзэл баримтлал хүчингүй болчихсон. Засгийн газраас баталсан ахмад настны хөгжил хамгааллын хөтөлбөр хүчингүй болчихсон. Энэ яагаад гэхээр 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр гээд энийг зүй зохистой хэрэгжүүлье. Наана нь гарсан олон хөтөлбөр, үзэл баримтлалуудыг хүчингүй болгож, шинэчилж гаргая гэсэн ийм бодлоготой яваа юм билээ.
"ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВРИЙГ ОЙРТУУЛААД ТОГТОЛЦОО ЗАРЧМАА ЗӨВ БОЛГОНО ГЭВЭЛ ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДАГДАНА. ЭНЭ МӨНГИЙГ 2026 ОНД ТӨСВӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ"
Энэ бодлогынхоо хүрээнд ахмад настны талаар баримтлах төрийн бодлогыг тусад нь баталж өгөөч ээ. Хүн амын бодлого талаар баримтлах төрийн бодлогоос тусад нь ахмадуудад харж үзэж бодлоготой байхгүй бол нэг улс төрийн хүчин гарч ирээд сонгуулиар үзэл бодолтой хүмүүс, намууд гарч ирж тэтгэвэр нэмнэ, сайн сайхан болгоно гэдэг амлалт өгдөг. Тэрнийх нь дагуу нэгдсэн бодлогогүйгээс асуудлыг шийдсэнээс буруу замаар явж байна гэсэн асуудлыг дэвшүүлж тавьсан. Тэтгэврийг ямар зохистой харьцаагаар тогтоох юм бэ? Гэдгээ шийдэхгүйгээр за одоо 1 сая 500 өг гэж шаардаад засаг нь энийг өгөх өнгө байхгүй гээд суугаад байх энэ хоёр ерөөсөө бодлогогүй хий хоосон шаардлага юм. Нэмэхгүй гэсэн засаг төрийн буруу шийдвэр, хүлээж авахгүй байна гээд ийм асуудал үүсээд байна. Ийм бодлогоор шийдэх хэрэгтэй. Энэ бол асар их хэмжээний хөрөнгө гарна. Ахмадуудын тавьсан шаардлагыг биелүүлээд дээр нь тэтгэвэр авч байгаа бусад хүмүүсийнх нь итгэлцүүрээр өсгөөд өнөөдрийн тэтгэвэр гарч байгаа хүмүүстэй 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг ойртуулаад тогтолцоо зарчмаа зөв болгоно гэвэл их наяд төгрөг шаардагдана. Энэ мөнгийг 2026 онд төсвөөр шийдэх боломж байхгүй. Тэгвэл энийгээ 2026 онд ямар эх үүсвэр гаргах юм. Үе шаттайгаар шийдье. 2027, 2028 онд гурван жилийн хугацаа тавиад энэ хооронд гаж буруу тогтолцоотой байгаа ялгааг арилгая. Тэгээд цаашдаа тэтгэврийн шинэчлэлийг хийе. Энэ хүрээнд авч үзээч ээ гэсэн асуудал байгаа юм. Нөгөө талаар Нийгмийн хамгааллын яамнаас оруулсан тооцоогоор 10.5 орчим хувиар инфляцын түвшин гарах юм байна. Иймд тэтгэврийг 10-аас доошгүй хувиар нэмье ийм санал оруулсан байна билээ. Энийг Ахмадын холбоо дэмжиж байсан. Гэтэл 6 хувь гээд гараад ирлээ. Яг хэрэг дээрээ нэгдүгээр сарын 1-ээс тэтгэврийг нэмнэ гэсэн хуулийг хэрэгжүүлэх гээд байна шүү дээ. Тэрийг 6 хувь гэж авчхаад байна. Энийг 6 биш 10-аас дээш байх юм уу гэдгийг тогтоогоод шийдэх нь чухал асуудал.
-Та 2021 онд ахмадуудын тэтгэврийг нэмүүлэх талаар мэдэгдэл хийж байсан. Хамгийн сүүлд хэзээ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлсэн юм бэ?
-2022 онд итгэлцүүрийг шинэчлэн тогтоогоод нэмсэн. Дараа нь 100 мянгаар нэмсэн. Тэрнээс хойш нэмэгдээгүй. Сүүлийн тэтгэвэр нэмснээс хойш үнэ, инфляц их өсчихлөө. Үүнтэй холбоотой ахмадуудын тавьж байгаа асуудал зүй ёсны шаардлага. Тэгээд Ерөнхий сайдтай биечлэн уулзсан. Тавьсан шаардлагуудыг нэг бүрчлэн тайлбарласан. Саяны хэлдэг бодлогыг гаргаж тавьсан. Ажлын хэсэг гаргаж ажиллая гэсэн. Бидний хүсэлт ч гэсэн шийдвэр гаргах түвшний бүрэлдэхүүнтэй хэсэг гаргаж үзээч ээ. Зургаан хувь гээд орхичхож болохгүй. Тавьж байгаа шаардлага бол үнэхээр ахмадууд үнэхээр хүнд байна. Ийм шаардлагыг хүлээж аваад Засгийн газар ажлын хэсэг гаргах гэж байгаа.
-Монгол улсад нийт хэдэн ахмад настан байгаа бол. Үүний хэдэн хувь нь 689000 төгрөгийн тэтгэвэр авч байна вэ?
-404600 орчим ахмад байгаа. Тэрний 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Хоёр төрлийн тэтгэврийн доод хэмжээ байгаа. Нэг нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ гээд 572000. Нөгөөх нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ гээд 689000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Энэ бол тэтгэвэр авагчдын 60 шахуу хувь нь.
"ШУУД 1 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГО ГЭЭД ШААРДАХАД ХЭЦҮҮ Л БАЙГАА ЮМ"
-Ахмад настнуудын шаардлага нь тэтгэврээ 1 сая 500 мянган төгрөг болгох хүсэлтэй байгаа. Энэ боломжтой юм болов уу? Үүнийг ахмадын холбооны зүгээс юу гэж харж байна?
-Би нар бол 1 сая 500 мянган төгрөг болгоод өгөөч гэдгийг хэрэггүй юу гэж тэдэнд тийм их мөнгө өгдөг юм гэхгүй шүү дээ. Дэмжиж байгаа. Гэхдээ тэтгэврийн доод хэмжээ, дундаж хэмжээ, улсын дундаж цалинтай хэрхэн уялдаж байна гэдэг чинь олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тогтоосон хэм хэмжээ байдаг. Тэрэнд Монгол нэгдчихсэн. Тэгэхээр улсын дундаж цалингаас дээгүүр хэмжээнд тэтгэврийн доод хэмжээг нэмэх үү гэдэг нь бодлогоор л гарч ирнэ. Цалингийн бодлого, үнийн өсөлттэй уялдаад зайлшгүй энэ хэмжээнд нэмье гээд цаанаа мөнгө нь байвал нэмнэ. Байхгүй гэвэл тэрийгээ зохистой хэмжээнд нэмнэ гэдгээ хэлээд бодлого оо тайлбарлаад нэмэх хэрэгтэй. Би бол шууд 1 сая 500 мянган төгрөг болго гээд шаардахад хэцүү л байгаа юм. Эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад дотоод зах зээл гол төсвийн орлогыг бүрдүүлдэг нүүрс тасарлаа. Төсвийн орлого тасарлаа. Ийм нөхцөлд нэг жилдээ шийдвэрлэхэд хэцүү.
-Ахмад настнуудын тэтгэвэр хүрэлцээгүй байгаа тохиолдолд гадуур гараад ажил хийх боломжтой байдаг уу?
-Энэ хамгийн чухал сэдэв шүү. Ахмад настны тухай хуульд хэд хэдэн чухал заалт бий. Ахмад настан эрхэлсэн ажлаа чадамжтай бол үргэлжлүүлэн хийж болно гээд. 50 ажилтантай байгууллагад 2 ахмад настан ажиллуулна гээд хуульчилчихсан байхгүй юу. Тэгээд ахмад настан ажиллуулбал тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Энэ хуульд байгаа заалтууд чинь ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна гэсэн үг. Монголын ахмадын холбооноос гаргасан судалгаагаар 65.2 хувь нь ажиллах чадвартай байна. Бид нар ажил эрж, хайж байна гэсэн ийм судалгаа гарч байгаа юм. Энэ чинь тэгэхээр бараг 200 гаруй мянган настан ажиллах бололцоотой байна гээд гараад ирж байгаа юм. Монголд 2.2 сая орчим хөдөлмөрийн нөөцтэй. Тэтгэврийн насанд хүрээгүй хүн. Энэ дээр 200 мянган хөдөлмөрийн нөөц нэмэгдэх нь байна. энийг үндэслээд ахмадын хөдөлмөрийг дэмжье гээд хууль ном нь гарчихсан. Даанч хэрэгжүүлдэггүй. Хууль гараад л гурав хоноод гууль болдог гэдэг шиг. Ажиллуулж байгаа байгууллага нэг сайн мэдээ өгсөн. Ахмадууд ажлын цаг нягт барьж байна. Ажил дээрээ очоод хүүхэд гээд явахгүй байна. ажлын байрны шаардлагыг ном ёсоор нь гүйцэтгэдэг хүмүүсийг ахмадууд байна гэж яриад байдаг. Ажиллуулж байгаа нэг хэсэг нь тэгж яриад байгаа. Нөгөө талдаа бүтэн цалин өгдөггүй. Өө ахмад юм байна 200,300 мянгыг өгье гэдэг. Цалин өссөн учраас 500 мянган төгрөг өгдөг. Залуу хүний ажилдаг шаардлагыг биелүүл гэхдээ бүтэн цалин өгөхгүй гэдэг. Тэр бол ахмад настан ажиллуулж байгаа тохиолдолд шаардлагатай цалинг өгөх ёстой гэдэг хуулийг зөрчсөн асуудал.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна