Б.Баярмагнай: Эвдрэлцэж байж бүтдэг ажил хаана ч байхгүй

Admin
2025/09/29

МАН-ын “Хамтын хүч” жигүүрийн ерөнхий зохицуулагч Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Та бүхэн яагаад энэ цаг үед жигүүр байгуулах болов. Жигүүрийн гол зорилго юу вэ?

-Жигүүр байгуулах тухай санал санаачилга гэнэтхэн төрөөгүй. МАН-ын дотоод дахь асуудал, олон нийтийн өмнө ил болж, улс төрийн намын даргын өрсөлдөөн нь бие биенээ хардах, сэрдэх хэмжээнээс давж иргэд, сонгогчдын дунд МАН-д итгэх итгэл суларч эхэллээ. Тиймээс МАН-ын бүх шатны байгууллагад итгэл сэтгэлээ зориулан ажиллаж байсан олон хүмүүсийн уулзалтуудаас энэ санаачилга гарсан. МАН-ын дүрмийн 5 дугаар бүлгийн 20.4-д заасны дагуу бид энэ сарын 24-27-нд намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн зөвшөөрлийг авч, гарыг үсгийг цуглуулж жигүүр байгуулагдлаа. Одоо намдаа эв нэгдлийг авчрах яриа хэлэлцээрийг өргөжүүлэх, 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай, эв нэгдэлтэй оролцоход намдаа туслах, хамтран ажиллах зорилгоо биелүүлэх “Хамтын хүч” жигүүрийн хийх ажил үлдлээ. Намд итгэлцлэл, хүндлэл, эв нэгдлийг хүссэн жирийн гишүүдийн санаачилгыг халуунаар дэмжсэн намын Бага хурлын гишүүддээ энэ завшааныг ашиглан талархлаа илэрхийлье.

-МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн намаа тараахаа шахлаа. АН-ын туулсан зовлонг МАН үүрэх гэж байна хэмээн судлаачид хэлж байна. Тийм замд оруулахгүйн тулд жигүүр яаж ажиллах вэ?

-Эвдрэлцэж байж бүтдэг ажил хаана ч байхгүй. Явж явж л эвлэж, зөвшилцөж байж учраа олно. Харин хууль бус, дүрмийн бус аливаа үйлдлийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Тийм саналыг таслан зогсооход манай гишүүд, шахаж шаардаж ажиллах болно.

-МАН-аас жигүүр ургаж байгаад танай намын гишүүд, дэмжигчид янз бүрээр хүлээж авч байгаа байх. Жигүүрийг эсэргүүцэгчид нам хагалж байна гэдэг. Тэгэхээр та бүхэн намын дотоод ардчиллыг бэхжүүлэхийн тулд энэ намд бодлогын ямар өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах вэ?

-Нам бол амьд организм. Нам гишүүдээ сонсдог. Зарчим ярьсан гишүүдээ адалж шахдаг байж хэрхэв ч болохгүй. Ямар ч аргаар хамаагүй дарга болох увайгүй үйлдэлд хэн хариуг нь барих вэ гэвэл үнэний төлөө байр суурьтай гишүүд дэмжигчид. Тэдний нэгдмэл байр суурь. Шудрага журамтай гишүүдийн дуу хоолой, шахалт шаардлага л хил хязгаараа давсан дарга нарын үйлдлийг хязгаарлана. Таслан зогсооно. Ийм боломжийг бүрдүүлэх нь системийн асуудал. Намын энэ системийг бүх шатанд ажиллуулахад их хүч хөдөлмөр гаргах шаардлагагүй л дээ. Гол нь үүнийг олж харахгүй байгаад учир нь бий.

-МАН-ын Бага хурлын дараахь намын уур амьсгалыг та хэрхэн дүгнэж байна?

-Намын шийдвэр гаргах түвшинд жирийн гишүүдийн дуу хоолойг сонсох мэдрэмж, мэдлэг хумигдсан нь харагдлаа. Өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийдэг байж хэрхэв ч болохгүй.

-Д.Амарбаясгалан намын дарга боллоо. Гэтэл Г.Занданшатар хүлээн зөвшөөрөхгүй түүнийг дагагсад хурлаа хаян гарлаа, намын даргын асуудлыг Их хуралд оруулж ирэх ёстой гэх мэдээллүүд хөвөрч байна. Гомдогсдын тал даргаа хүлээн зөвшөөрдөггүй кейсийг өнгөрсөн найман жил АН-аас харсан. УДШ дээр очвол маргаан үүсэх үү. Энэ асуудалд жигүүрийн байр суурийг сонсъё?

-Хуулийн асуудал үүсэх нь тодорхой. МАН-ыг муухай харагдуулах нь хэнд ашигтай байгааг та бүхэн ерөнхийдөө гадарлаж байгаа байлгүй дээ. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Бага хурлын гишүүд ингэж харж аливаа шийдвэрийг гаргах учиртай байсан юм.

-Бага хурал дээр гарсан маргаан, саналын зөрүүг эв нэгдэлд хүргэх ямар боломж байна вэ?

-Нэгэнт үйлдсэн бол туулж гарах нь тодорхой болж байна. Зарим буулт ялалтын үнэтэй байдаг бол хуурамч ялалт ялтай зэмтэй байдаг. Энэ бүхнийг урьдчилж харах ёстой нөгөө алсын хараа чинь л эвлэрэхийн үндэс болох юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Араас нь УИХ-ын сонгууль залгана. Сонгуулийн өмнөх улс төрийн өрсөлдөөнд МАН-ын хагарал хүнд сорилт болно. Хэрэв нам эв нэгдэлд хүрэхгүй бол жигүүрийн дараагийн алхам юу байх бол?

-Энийг чинь яриад байгаа юм. МАН-ын ялалт ялагдал өөрт нь огтхон ч хамаагүй хүмүүсээр 300 мянган гишүүн хувь заяагаа шийдүүлж байгаа эсэхээ хэлж, ярих цаг болсон.

-МАН дотор өмнө олон жигүүр ургаж байсан. Бүгд өөр, өөрийн зорилгодоо хүрсэн. Зарим нь фракц болж үлдсэн бол тусдаа нам болж салсан жигүүрийн түүх ч бий. Танай жигүүр яг аль замаар явах вэ?

-Жигүүр эв нэгдлийн, эвлэрлийг бүх шатанд бий болгож, 2027, 2028 оны сонгуулийг амжилттай зохион байгуулахад намдаа дэмжлэг үзүүлснээр дүрмийн хүрээнд татан буугдах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна