АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп аутизм өвчин нэмэгдэж байгаа энэ үед жирэмсэн байхдаа тайленол эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

А.Булганчимэг
2025/09/24

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2025 оны 9-р сарын 22-нд Цагаан Ордонд Аутизмын хэт өсөлтийн тухай мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, "...Аутизмын хэт өсөлт бол түүхэн дэх хамгийн түгшүүртэй нийтийн эрүүл мэндийн үзэгдлүүдийн нэг. Үүнтэй ижил зүйл огт гарч байгаагүй. Ердөө хэдхэн арван жилийн өмнө 10,000 хүүхдийн 1 нь аутизмтай байсан. Энэ бол тийм урт хугацаа биш. 20,000 хүүхдийн 1 гэж байсан. 18 жилийн өмнө 10,000 хүүхдийн 1 болсон. Одоо бол дунджаар 31 хүүхдийн 1, зарим газарт бүр илүү хүнд байгаа. Өчигдөр би хөвгүүдийн тоонуудыг дурдсан, хөвгүүдийн хувьд 12 хүүхдийн 1. Калифорнид тийм тоо гарсан байгаа гэж надад хэлсэн. Тэнд ямар нэгэн шалтгаанаар асуудал илүү хүнд байгаа бололтой. Тэгэхээр та нар бодоод үз дээ, 20,000-аас 10,000, дараа нь 31, хөвгүүдийн хувьд 12-т 1 болжээ. 2000 оноос хойш аутизмын түвшин 400 хувиар өссөн байна. Асуулт тавьж байгаа хүмүүсийг буруутгахын оронд энэ төвөгтэй нөхцөл байдлын хариуг олох гэж оролдож буй хүмүүст талархах ёстой. 20,000-аас 10,000, дараа нь 12 болсон гэдэг бол ямар нэгэн гадны хиймэл зүйл байгаа хэрэг. Тэд ямар нэг зүйл ууж хэрэглэж байна. Зарим бүлгийн хүмүүс байдаг, тэд вакцин хийлгэдэггүй, эм уудаггүй, тэнд аутизм байдаггүй. Энэ нь ямар нэгэн зүйлийг хэлээд байгаа биз дээ? Би зөв мэдэгдэл хэлж байна уу? (Роберт Кеннеди-гаас асуухад “Зарим судалгаагаар тэгдэг. Жишээ нь Амышуудын дунд” гэж хариулсан). Амышуудын (Тайлбар: Амышууд гэдэг нь энгийн хэрэглээтэй амьдардаг Христийн шашны бүлэг хүн) хувьд бараг аутизм байхгүй гэж сонссон. Бобби бол маш болгоомжтой ярьдаг, тэгэх ч ёстой. Харин би болгоомжтой ярихгүй. Гэхдээ Амышууд гэх зэрэг бүлгүүдийн дунд аутизм гэж байдаггүй.

Нэгдүгээрт, өнөөдрөөс эхлэн FDA (АНУ-ын Хоол хүнс, Эмийн Яам) жирэмсний үед ацетаминофен (олон нийтэд Тайленол нэрээр танигдсан) хэрэглэх нь аутизмын маш өндөр эрсдэлтэй холбоотой байж болзошгүйг эмч нарт мэдэгдэх гэж байна. Тиймээс Тайленол хэрэглэх нь сайн биш. Би шууд хэлнэ: Сайн биш. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийг зайлшгүй шаардлагагүй бол (жишээ нь маш өндөр халуурч, өөрөөр эмчлэх аргагүй үед) Тайленол хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. Гэхдээ ийм шаардлага маш цөөн тохиолдоно гэж би бодож байна. Энэ бол эмчийн шийдвэр байх ёстой. Ер нь бол жирэмсний бүхий л хугацаанд хэрэглэх ёсгүй. Төрсний дараа хүүхдэд тариа хийлгэх бүрт Тайленол өгч болохгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд эмчтэйгээ ярилцаж, энэ эмийн хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй. Хамгийн зөв нь огт хэрэглэхгүй байх. Үнэхээр уух хэрэгтэй болвол, өөрөөр болохгүй байгаа бол, үнэхээр асуудал болоод байгаа бол хэрэглэнэ.

Дараагийн зүйл бол би бодохдоо вакциныг нэг удаад бүгдийг нь хийх биш, харин 4–5 удаагаар бага багаар, олон жилийн хугацаанд хийх ёстой. Гэтэл нэг удаад маш олон төрлийн вакцин шахаж хийдэг нь ичгүүртэй хэрэг. Бяцхан хүүхдэд 80 орчим вакцин хийж байгаа харагддаг. Тэгэхээр эмэгтэйчүүд Тайленол уухгүй байх нь байна, бас хүүхдэд нэг дор тийм олон вакцин хийж байгаа нь маш муу. Харин үүнийг 4–5 удаад хувааж хийвэл зөв байхсан. Би энэ асуудалд маш олон жил санаа тавьсан. Яаж ийм юм болдог байна гээд. Энэ бол хиймлээр бий болсон нөхцөл байдал. Энэ нь гэр бүлүүдийг сүйрүүлж байна. Бид мөн вакцинд мөнгөн ус, хөнгөн цагаан байж болохгүй гэж үзэж байна. Мөн MMR (улаанбурхан, улаанууд, гахайн хавдар) вакциныг тус тусад нь хийх хэрэгтэй гэж би бодож байна. Хольж хийгээд байгаа болохоор асуудал гарч байгаа байж болзошгүй. Харин тусдаа хийхэд ямар ч муу тал байхгүй, харин сайн талтай. Салхин цэцгийн вакциныг ч тусад нь хийдэг болсон. Учир нь хольж хийж байсан үед муу үр дүн гарч байсан. Харин В гепатит бол бэлгийн замаар дамждаг өвчин. Дөнгөж төрсөн нярайд үүнийг хийх ямар ч шаардлагагүй. Миний бодлоор хүүхэд 12 нас хүрсний дараа хийвэл зүйтэй. Хэрэв энэ бүхнийг хийвэл улс орны хэмжээнд эерэг хувьсгал авчирна.

FDA одоо байгаа нэгэн эмийн шошгыг шинэчилж, аутизмын зарим шинж тэмдгийг бууруулах боломжтой талаарх мэдээллийг тусгахаар болж байна. Энэ нь аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд итгэл найдвар өгч байна. Хүүхдэд аутизм үүсгэхгүй байх тухай илүү ярьж байгаа ч зарим зүйл хүүхдийн байдлыг сайжруулж, зарим тохиолдолд мэдэгдэхүйц ахиц гарч болдог гэдгийг бид мэдэж авсан. Энэ нь хэцүү ч анхнаасаа ийм зүйл тохиолдоогүй бол илүү амар байх байсан. Би аутизмтай хүүхэдтэй олон найзтай, тэдний төлөө үнэхээр харамсаж байна.

Эцэст нь, аутизмын асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Үндэсний Эрүүл Мэндийн Институт (NIH)-ын “Аутизмын Мэдээллийн Шинжлэх Ухааны Санаачилга” хөтөлбөрөөс 13 том тэтгэлэг олгохоор зарлана. Гэхдээ үнэнийг хэлэхэд, миний хувьд энэ бол хамгийн чухал биш. Мөнгө гол нь биш байна. Мөнгө хангалттай байна. Гол нь хурдан ажиллаж эхлэх хэрэгтэй. Одоо хийцгээе. Ямар ч муу зүйл болохгүй нь ойлгомжтой байхад одоо хийе, зөвхөн сайн үр дүн гарна. Харин Тайленолын хувьд, битгий хэрэглэ. Зөвхөн тэсэх аргагүй өндөр халуурч, өөр гарцгүй тохиолдолд харамсалтай нь нэг удаа хэрэглэхээс өөр аргагүй.

Эхний асуулт гарч байна. Тайленолын оронд юу хэрэглэж болох вэ? Үнэндээ орлох эм гэж үгүй. Аспирин, Адвил зэрэг нь бүр муу гэдэг нь батлагдсан. Би бас дэлхийн зарим хэсгийг дурдмаар байна. Кубад Тайленол байдаггүй, учир нь тэдэнд Тайленол авах мөнгө байхгүй. Тэгээд тэнд бараг аутизм байдаггүй гэдэг. Бусад газар ч мөн адил. Энэ нь маш ихийг хэлж байгаа юм. Тэгэхээр би хэлмээр байна: Битгий хэрэглэ. Хэрэглэхгүй байснаар муу зүйл огт болохгүй. Би энэ асуудал дээр маш олон жил тууштай байр суурь баримталсан. Амьдрал бол ердөө энгийн ухаан. Энд ч гэсэн энгийн ухаан хэрэгтэй. Энэ асуудал дээр маш их ажиллаж хөдөлмөрлөсөн та бүхэнд баярлалаа. Харин шийдвэр гаргах үйл явцыг илүү хурдан болгож өгөхийг хүсэж байна. Хурдан хийхэд ямар ч хор хөнөөл байхгүй."

Эх сурвалж: https://abcnews.go.com/GMA/Wel...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна