Сөүлийн байгальд ээлтэй нэн шинэ төсөл, нийтийн усан тээврийн систем болох "Hangang" автобус Пүрэв гаригаас /2025.09.18/ эхлэн иргэдэд үйлчилж эхлэх гэж байна. "Hangang" автобусыг туршилтын журмаар сүүлийн гурван сар явуулсан билээ.
Сөүлийн хотын захиргааны мэдээлснээр найман автобус нийслэлийн баруун хэсгийн Магокоос өмнөд хэсгийн Жамсил хүртэл 28.9 км зам туулна. Энэ хооронд Мангвон, Ёидо, Оксу, Туксеом, Апгужонд зогсоно. Эхний ээлжинд аравдугаар сарын 9-нийг хүртэл өдөрт 14 удаа энэ хооронд зорчих юм.
Харин аравдугаар сарын 10-наас эхлээд ажлын өдрөөр өглөө 07:00 цагт, амралтын өдрөөр 09:30 цагт автобус явж эхэлнэ. Орой 22:30 гэхэд автобусны үйлчилгээ зогсоно. Өглөө, оройны оргил цаг буюу 07:00-09:00, 18:00-20:00 цагуудын хооронд автобус 15 минут тутамд явна.
Арванхоёрдугаар сарын сүүл гэхэд дөрвөн автобус үйлчилгээнд нэмэгдэх аж. Тухайн үед илүү богино интервалаар буюу 30 минутаас нэг цагийн хугацаатайгаар өдөрт 48 удаа нааш цааш зорчино.
Төлбөрийн хувьд бэлэн мөнгө бус тусгай картаар төлбөрөө төлөх бөгөөд 3000 вон байна.
"Hangang" автобус дотроо ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон тэргэнцэртэй хүмүүст зориулсан 16 суудалтай. Мөн үнэгүй интернеттэй, түргэн цэнэглэгч түрээсээр ашиглах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна