“Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалт 80.6 хувийн гүйцэтгэлтэй байна

Admin
2025/09/17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлын явцад газар дээрх хяналт хийлээ. 

Тус паркийн бүтээн байгуулалтын ажлыг “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” орон нутгийн өмчит компани хариуцан ажиллаж байна. Гүйцэтгэх захирал Ю.Азамат паркийн бүтээн байгуулалтын ажил 80.6 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй гэдгийг танилцуулав. Тухайлбал, авто зам шугам сүлжээний ажил 95, усан хангамж 70, цахилгаан хангамж 80, уурын дулааны дэд станц, шугам сүлжээ 72.9, мэдээлэл холбооны сүлжээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн гүйцэтгэгч компаниудын удирдлагууд паркийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэжилж байгааг танилцууллаа.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын хамт нөхцөл байдалтай танилцаж, ажлаа хуваарьт хугацаандаа дуусган, хүлээлгэж өгөхийг үүрэг болголоо.

Баруун бүс нийт мал сүргийн 24 орчим хувь буюу 15 орчим сая толгой малтай, түүхий эдийн нөөц бүрдүүлэх боломжтой боловч төвийн үйлдвэрлэлийн бүсээс алслагдмал байдаг. Ховд аймгийн хувьд Баруун бүсийн тулгуур төв, хилийн 2 боомттой зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтай тул “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Тус төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, баруун аймгуудад гадаадын хөрөнгө оруулалт татаж, нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Мөн “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” орон нутгийн өмчит компани  хүлэмжийн аж ахуйн “Шинэ Ховд агро парк”-ийн менежментийг хариуцан ажиллаж байна. ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг 3 улирлын 10, зуны 61 хүлэмж бүхий тус цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын менежментийн шинэчлэл, агро парк үйл ажиллагааг “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаатай уялдуулан эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна