“Өнөр бүл” хүүхдийн төвд 12 дахь жилдээ ажиллаж буй Х.Ариундарь нь өдгөө “Дэгдээхэй” бүлгийг хариуцаж буй. Тус бүлэгт 3-11 насны 13 хүүхэд суралцаж байгаагаас нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй 100 хувь асаргаанд байдаг юм. Бүтэн өнчин, ээж аав нь архины хамааралтай, эцэг эх байх эрхээ хасуулсан, эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хүүхдээ хаясан, хүчирхийлэлд өртсөн гээд олон шалтгаанаар тус төвд хүүхдүүд ирдэг. Гэсэн ч хүүхдүүд ээж, аавыгаа ямар хүн бэ гэдгээс үл шалтгаалж үргэлж хайрлаж, тэдэнтэй хамт байх нь хамгийн их аз жаргалыг бэлэглэдэг тухай Х.Ариундарь багш ярьсан юм.
Тэрээр мөн хэлэхдээ ажлын ачаалал, цалин мөнгө гэсэн олон шалтгааны улмаас ажлаа солимоор байдаг ч хүүхдүүддээ дахин нэг хагацлыг мэдрүүлэх зориг хүрдэггүй. Хэчнээн бидэнд хүйн холбоо байхгүй ч эх үрийн нандин холбоо бий хэмээн ярьсан юм. Хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлээгүй ч тэрээр бусад ээжүүдийн адил хүүхдүүдээ өвдвөл эмнэлэгт хамт хэвтэж, баяр ёслолоор ч мөн “Өнөр бүл” гэр бүлийнхээ хүүхдүүдтэй тэмдэглээд дараа нь өөрийнхөө гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг тухайгаа ярьсан юм. Ингээд манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MYCAREER”ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна