УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ

А.Булганчимэг
2025/09/15

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг хэллээ. 

Тэрбээр, "Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт зочид оо,

Өдгөөгөөс 35 жилийн өмнө 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль болж 426 депутаттай Ардын Их Хурал бүрдсэн билээ. Улмаар 53 гишүүнтэй Улсын Бага Хурал бий болж, анхдугаар хуралдаанаа мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны суурь тавигдсан түүхтэй. Үе үеийн парламентын гишүүд болон нийт ард иргэддээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэндийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Парламентын түүхийн гэрч болсон Улсын Бага Хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Улсын Их Хурлын үе үеийн даргаар ажиллаж байсан Нацагийн Багабанди, Лхамсүрэнгийн Энэбиш агсан, Санжбэгзийн Төмөр-Очир, Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдорж, Данзангийн Лүндээжанцан, Дамдины Дэмбэрэл, Зандаахүүгийн Энхболд, Миеэгомбын Энхболд, Гомбожавын Занданшатар нарт болон Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулан батлуулахад эрдэм оюунаа дайчлан үнэт өв бүтээсэн Улсын Бага Хурлын гишүүд, тэдний залгамж халаа Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ парламентат ёсыг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэрт тань гүн талархал илэрхийлье.


Өнгөрсөн 7 дугаар сард Швейцарын Холбооны Улсад зохион байгуулсан 180 орны төлөөлөл бүхий Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож манай улсын парламентын төлөөллийн ахиц, шинэ стратеги, хэтийн зорилго, хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэхэд монголчууд бидний амжилтыг олон улс өндрөөр үнэлж, хурлын үеэр манай улсын туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлж байсныг энд тэмдэглэн хэлье.

Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байгаа нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурал шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна “Хүн төвт” стратегиа өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн. Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдлаа. Улсын Их Хурлын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад Байнгын болон дэд хорооны дарга, гишүүд идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хууль тогтоогчид оо,

Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.

Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна. Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай. Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүй. Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэе.

Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна.

Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн. Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой. Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай. 

Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна. Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Орон нутагт энэ байдал дээрдэх зүйлгүй. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжид хяналт, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна. Хувийн хэвшлийн хийж чаддаг бизнесийн орчинд төр аж ахуй нэгжүүдтэй өрсөлддөг байж болохгүй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар төрийн өмчийн бодлогын шинэчлэл, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллана. Төрд нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй үүрч явах ёстой төрийн өмчит компанийн засаглалыг шинэ шатанд гаргаж, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэхийн тулд улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурласан менежерүүдээр удирдуулах шаардлагатай. Эдгээр бодлогын шинэчлэл хууль тогтоомжоор дамжин хэрэгжих учиртай. Иймд Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг нягт хэлэлцэж, цогц шийдэлд хүрэх шаардлагатайг онцлон тэмдэглэе.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний салбарын эрх зүйн орчны болон энэ салбар дахь төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэл нэн яаралтай хийгдэх учиртай. Тиймээс өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн давуу талыг бус, сөрөг үр дагаврыг ч олон талаас нь нягтлан шийдвэрлэхийг анхааруулъя. Мөн энэ салбарын шинэчлэлийн асуудлаар судалгаа, санал, дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн төслүүдээ цаг алдалгүй өргөн мэдүүлэх нь зүйтэй.

Төрийн байгууллагуудын ажил давхардал ихтэй, хөдөлбөл л зөвшөөрөл, бүртгэл нэхэж, байгууллагын журам гэгчээр хүнд суртал үүсгэж байгаа нь үнэн. Бид төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна, шуурхай болгоно гэх мөртлөө иргэд, аж ахуй нэгждээ ээлгүй, хэтэрхий хүнд сурталтай байсаар байна. Өнөөдөр нэг үйлдвэр барихад “есөн эрүү” тулгах мэт бичиг цаасны олон шат дамжлагатай байгаа нь бидний бодож санасан зүйлс үнэндээ ажил хэрэг болохгүй байгааг харуулж байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийг бүх салбар, шатанд хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын хүрээнд хаврын чуулганаар “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 78 дугаар тогтоол батлагдсан. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг ганц нэг салбар төдийгээр оромдож хийх биш, төрийн байгууллагууд хоорондын болон салбар дундын уялдаа холбоог углуургаар нь харж, системээр нь авч үзэх ёстойг тал талдаа бодолцож, хурдтай, санаачилгатай ажиллах хэрэгтэй. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хороо энэ тогтоолын биелэлтэд тавих хяналтаа эрчимжүүлж, үр дүнг олон нийтэд улирал тутамд тайлагнаж ажиллахыг сануулъя. Мөн холбогдох бусад Байнгын хороо салбар бүр дэх процессын дахин инженерчлэлийг тууштай дэмжиж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой" гэв. 






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна