УЛСЫН ТӨСӨВ НАМЫН ЗОДООНЫ ХЭРЭГСЭЛ БОЛОХ УУ

Admin
2025/09/12

Эрх баригчдын зодоон нь “дайн” болон өргөжиж, улс орон, ард иргэдээ хөлдөө чирэх хэмжээнд хүргэж эхэллээ. Намын тамган сөргөлдөөнд улсын төсөв атгасан хөзөр, далайсан алх болж, ард иргэд горыг нь амсана. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоорондын төрийн хямралд шилжих, Д.Амарбаясгалангийн үгнээс 2026 оны улсын төсөв барьцаанд оров уу? гэж асуухад хүргэлээ. Ирэх оны төсвийн төсөлд туссан 240 гаруй мянган иргэний санал эрх баригч намын даргын төлөөх зодооны барьцаа болох уу?

УИХ-ын даргын хувьд биш улс төрийн намын гишүүний хувьд сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн бол өөр хэрэг. Улсын төсөв, хууль батлах УИХ-ын бүрэн эрхтэй холихгүй, Төрийн ордонд биш Тусгаар тогтнолын ордонд зарласан бол муухай биш гоё харагдах байлаа.

Эрх баригчид хоорондоо цусаа гартал зодолдохыг үзэх нь хорхой хүрмээр сонирхолтой ч жирийн иргэд, улс орноороо горыг нь хүртэнэ. Учир нь улсын төсөв бол улс орны амьдрал ахуй. Орлого ч үгүй, зарлага ч үгүй айл модоо барихаас ялгаагүй. Улсын төсөв бол намын дарга болох тамга хөзөр үү? Эмч, багш, төрийн албан хаагчдын цалин урамшуулал, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй хүмүүсийн тэтгэмж, хүүхдийн мөнгө. Эмнэлэг, сургууль, зам, эрчим хүчний урсгал зардал, хөрөнгө оруулалт бүгд төсөвт хуульчлагдан бичигддэг. Хоёр үе шаттайгаар 11-р сарын 15-ны дотор хэлэлцэн батлагддаг хуульд заасан хугацаатай. Энэ цаг хугацааны хайч 2026 оны төсвийн тухай хуулийг хувааж хэрчих үү? гэдэг асуудал үүслээ.

Парламентын дархлаа, парламентын даргын хүсэл хоёр асар их ялгаа заагтай ойлголт. Дарга нь шийддэг босоо удирдлагатай биш олонхоороо хэлэлцэн шийддэг байгууллага. Хоёр их гүрний дунд парламентын дархлааг хадгалах асуудал, хоёр инстүүцийн хоорон дахь парламентын даргын дархлааны ашиг сонирхлоос огт өөр хэрэг юм.

Төсвийн төсөл МАН-ын даргын төлөөх өрсөлдөөний гол хөзрийн нэг болно гэсэн улс төрийн хүрээнд яригдаж байсан таамаглал ийнхүү батлагдлаа. Анх удаа төсвөө иргэд хэлэлцэж, саналаа өгч, өмнөх оноос эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5,5 дахин, боловсролд 2,2 дахин их, гал алдсан эрчим хүчинд 3,9 их наяд төгрөг төлөвлөж, ард түмний нуруун дээрээс 3-4 их наядын татварын ачааг хөнгөлөх төсвийн төсөл намын дарга, засгийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний барьцаанд орох уу? гэдэг асуулт үүслээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг төрсөн ахынх нь Тавантолгойн Бортээгийн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр барьсан “Админерал” компанитай холбогдуулан АТГ-аас баривчлан саатуулснаар МАН-ын зодоон ширүүсээд байна. Готов нь авна уу, Шадав нь авна уу гэдэг шиг Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёрын хэн нь ч Л.Оюун-Эрдэнийн дараа намын тамгаа авах нь падлийгүй. Улс орноороо бүү тоглоосой.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна