Н.Энхбаяр: "Чайна энержи"-тэй хийсэн гэрээгээр бид нэг тонн нүүрснээс 40 орчим долларын алдагдлыг хүлээхээр байна

А.Булганчимэг
2025/09/11

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжилж өнөөдөр (2025.09.11) хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: 

-Би сүүлийн өдрүүдэд их том луйвар, хулгайн тухай яриад байгаа, та бүхэн мэдсэн болов уу. Гэтэл үүнтэй холбоотойгоор ганц, хоёр хүн нуугдаад, баригдсан нь янз бүрийн муухай үг хэрэглээд уурлаж байна. Тэд нэгдүгээрт, хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө. Мөн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун маш муухай дордож, даварчээ. Тэдэнд хэлдэг хүн байхгүй болсон. 

Муухай хараал хэлдэг, хэвлэл мэдээлэлд бүдүүлэг ханддаг, энэ байдлаа ард түмэнд харуулдаг. Бусад ёсзүй өндөртэй оронд бол аль хэдийн огцорсон байгаа. Гэтэл манайд хулгай, луйвраа хааж, нууж үлдэхийн тулд гүтгэж, гүжирдэж, муу муухай үг хэлж байна. Тодорхой жишээ нь, Б.Дэлгэрсайхан сайд.

Гурвыг цогцоор нь гэдэг гэрээг эсэргүүцэж байна. Гурвыг цогцоор нь гэдэг гэрээг товчхон тайлбарлавал нүүрс олборлолтоо нэмэгдүүлье, төмөр зам аа тавья, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн ийм гурван асуудлыг нэг асуудал болгожээ. Энийг засгийн газар хэлэлцэж байгаад ийм луйвар булхайн санаагаа цаас бичигтээ нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. УИХ энийг хэлэлцсэн. Энэ дээр хэд хэдэн ноцтой зүйл гарсан. 58-р тогтоолын тодорхой заалт дээр урд өмнө байгуулж байсан муу гэрээний жишгийг баримлаарай гэсэн даалгаврыг өгсөн. Ганцхан гэрээгээр Монгол улс нийт коксжих нүүрснийхээ 40 хувийг зарчхаж байна. Хямдруулж зарж байна. Нэг тонн нүүрсний зөрүүг биржийн үнэтэй харьцуулбал нэг тонноос 40 орчим долларын алдагдлыг хүлээхээр байна. Мөн яагаад гэрээг Харбинд байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан.

Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна.

Б.Дэлгэрсайхан даварчихсан хүн учир ил гараад алдаатай юм яриад байна л даа. Тэр хүн нэн даруй огцрох ёстой. Нуугдаад байгаа хүн нь Ц.Туваан. Б.Дэлгэрсайхан өөрөө хэлнэ лээ, “Ц.Туваан нүүрсний гэрээ хийсэн ш дээ” гэж. Энд бас Ардчилсан нам буюу МАНАН оролцсон. Хамтрахаараа л ийм муу гэрээ хийдэг. МАНАН-гийн цаана заавал хулгай гарна, хэзээ хийгдэх бол гэж байтал ингэж гарч ирсэн.

Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна. Би хууртаж, байр суурийг нь дэмжиж Б.Баатар гэж анхынх нь нэвтрүүлэгт хэд хэдэн удаа орсон.

Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ" гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна