Шүүгч Фрэнк каприо таалал төгсөхөөсөө өмнө цахим сүлжээний дагагчдадаа хандаж үг хэлжээ

А.Булганчимэг
2025/08/21

Дэлхийн хамгийн энэрэнгүй шүүгч гэгддэг Фрэнк каприо өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр 88 насандаа таалал төгслөө. Тэрээр 2023 оны 12 дугаар сард нойр булчирхайн хорт хавдартай гэдгээ олон нийтэд зарлаж байсан юм. Шүүгч Фрэнк каприо нь 1985 оноос 2023 он хүртэл 38 жилийн турш АНУ-ын Род айленд мужийн Провиденс хотод Ерөнхий шүүгчээр ажиллажээ. Тэрээр 2000 оноос хойш 20 гаруй жил ABC, PEG, NBC зэрэг сувгуудаар цацагдсан “Caught in Providence” телевизийн шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж, хөнгөн мааз, энэрэнгүй сэтгэлээрээ үзэгч олонд алдаршсан юм. Тус телевизийн шоу нэвтрүүлэг нь иргэн, захиргааны хэргүүдийг шүүхийн танхимд шүүж байгаа үйл явцыг үзүүлдгээрээ онцлогтой. Түүнийг дэлхийн хамгийн энэрэнгүй шүүгч гэх болсон шалтгаан нь “Caught in Providence” нэвтрүүлэгт шүүгдэгчдийг шүүхдээ амьдралын нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг ойлгож, уян хатан шийддэг байснаас болсон юм. Тухайлбал, 2018 онд өндөр настай эмэгтэй машинаа буруу байрлуулснаас үүдэн торгуулийн хуудас авсан ба эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ хүнд амьдралтай тухайгаа шүүх танхимд хэлэхэд, торгуулийг нь бүрэн цуцалж байсан билээ. Түүний гэгээн дурсгалд зориулан Род-Айленд мужийн захирагч Дан МакКи тус муж даяар төрийн далбаагаа хагас мандуулан шүүгчийн амьдрал, гавьяаг алдаршуулан хүндэтгэх шийдвэр гаргажээ. Шүүгч Фрэнк каприо нас барахаасаа өмнө өөрийн 2 сая гаруй дагагчтай instagram хуудаснаа эмнэлгийн орноосоо эрүүл мэндийнх нь төлөө залбирахыг хүссэн бичлэг хийж нийтэлжээ. Тус бичлэгт “Өнгөрсөн жил би та бүхнээс миний төлөө залбирахыг хүссэн. Харамсалтай нь би дахин эмнэлэгт хэвтлээ. Одоо би та бүхнийг дахин нэг удаа залбирахдаа намайг санаж яваарай. Гуйж байна” гэж бичжээ.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна