АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх Баасан гаригт (2025.08.15) уулзахаар болжээ. Энэхүү уулзалт нь Орос 2022 онд түрэмгийллээ эхэлснээс хойш Цагаан ордон, Кремлийн төрийн тэргүүн нарын хийж буй анхных болох юм. Трамп энэ талаар "Truth Social" хуудаснаа нийтлэхдээ,“АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар миний бие Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалт ирэх Баасан гаригт буюу 2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр агуу Аляска мужид болно” гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь түүний Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стив Виткофф Москвад очиж, Оросын төрийн тэргүүнтэй уулзсан. Эл үеэр хоёр орны удирдагчдын уулзалтын талаар хэлэлцсэн бөгөөд Кремль таатай хүлээн авсан юм. Мөн уулзалтын талаар Трамп, Путин нар Лхагва гаригт (2025.08.06) утсаар ярьсан байдаг. Үүний дараа Трамп мөн Зеленскийтэй Европын удирдагчдын хамт гурван талт уулзалт хийх боломжийн талаар ярилцжээ. Путин, Зеленский нарын шууд уулзалтыг зохион байгуулахыг өнөөг хүртэл татгалзсаар ирсэн Москва мөн адил уг санааг дэмжихгүй байгаа юм. Кремлийн гадаад бодлогын зөвлөх Лхагва гаригт мэдээлэл хийх үеэрээ, ийм уулзалт хийх боломжийн талаар дурдсан боловч хэлэлцээгүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна