“Malaysian Airlines” компанийн MH17 нислэг 2014 оны долоодугаар сарын 17-нд Амстердамаас Куала Лумпур хот руу нислэгээ эхлүүлсэн юм. Гэвч тус онгоц Украины зүүн бүсийн дээгүүр нисэж явахдаа буудуулж осолдсон. Ослын улмаас 298 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн юм.
НҮБ-ын Олон улсын нисэхийн зөвлөл (ICAO) даваа гарагт /2025.05.12/ дүгнэлт гаргахдаа онгоцыг ОХУ буудаж унагаасан гэж үзсэнийг Нидерланд болон Австралийн засгийн газрууд мэдэгджээ. “ICAO” ойрын өдрүүдэд нөхөн төлбөрийг ямар хэлбэрээр олгох ёстой гэдгийг авч үзнэ хэмээн хоёр улсын засгийн газар мэдээлсэн байна.
2022 оны арваннэгдүгээр сард Нидерландын шүүгчид осол үүсэхэд оролцсон хоёр Орос, нэг Украин иргэнийг аллага үйлдсэн хэрэгт буруутгажээ. Москва тус шийдвэрийг үгүйсгэж, иргэдээ шилжүүлэн өгөхгүй хэмээсэн юм. “ICAO” шийдвэр гаргасны дараа Нидерландын Гадаад хэргийн сайд Каспар Велдкамп хэлэхдээ “Энэхүү шийдвэр нь MH17 нислэгийн хохирогчид болон тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүст үнэн болон шударга ёсыг тогтоон өгч, хариуцлагыг хэрэгтнүүдэд хүлээлгэх чухал алхам юм” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна