Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Сагайнг хотод өнөөдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Сагайнг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд, 10 км-ийн гүнд байсан гэж албаны мэдэгдэлд дурджээ. Энэ бүс нь нийслэл Нейпидо хотоос хойд зүгт 100 орчим км зайд оршдог аж. Тус газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд, Вьетнам зэрэг хөрш таван оронд мэдрэгдсэн бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн дараа Тайландын нийслэл Бангкок хотод төрийн байгууллагын оффисын зориулалтаар барьж байсан 30 давхар өндөр барилга нурж, 43 ажилчин нурангид дарагдсан тухай тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлээгүй байна. Түүнчлэн дахин газар хөдлөх магадлалтайг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан тул тус бүс нутагт амьдарч байгаа болон зорчин яваа манай улсын иргэд өндөр барилга, ургаа мод, цахилгааны шон зэргээс хол байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ задгай талбайд нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас зөвлөв. Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн эсвэл танил, найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан бол Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээл гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна