Египетийн Хургада эргийн ойролцоо Улаан тэнгист аялагчийн шумбагч онгоц живж, Оросын зургаан иргэн амиа алджээ.
Хамт зорчиж явсан 39 хүнийг аварсан бөгөөд есөн хүн бэртсэнээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Амиа алдсан хүмүүсийн хоёр нь хүүхэд байсныг Оросын Тасс агентлаг мэдээлжээ. Холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Хөлөгт 45 зорчигч болон хөлгийн багийн таван гишүүн зорчиж явжээ. Аялагчид Орос, Энэтхэг, Норвеги, Шведээс ирсэн жуулчид байсан гэв.
Sindbad Submarines компани нь шумбагч онгоцоор зорчигчдыг далайн 25 метрийн гүнд аваачиж, далайн амьтад, шүр зэргийг үзүүлдэг аж.
Хургада хот нь Каирын зүүн өмнө зүгт байрлах аялал жуулчлалын бүс бөгөөд наран шарлагын газрууд болон шүрэн хаднуудаараа алдартай юм.
Сүүлийн үед жуулчдын шумбагч онгоц живсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Тухайлбал өнгөрсөн оны зургаадугаар сард хүчтэй давлагаанд өртсөний улмаас хөлөгт эвдрэл гарч живсэн ч хүний амь эрсдээгүй.
Мөн арваннэгдүгээр сард 31 жуулчин, 13 багийн гишүүнтэй шумбагч онгоц живсэн. Уг ослын улмаас дор хаяж 11 хүн амиа алдсан бөгөөд ослын шалтгаан нь мөн л хүчтэй давлагаа байсан гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна