СЭДЭВ: Блокчейнд суурилсан төлбөрийн систем рүү шилжихэд асуудалгүй

М.Үүрээ
2025/02/26

Блокчейнд суурилсан төлбөрийн систем рүү шилжихэд асуудалгүй. 

 “Крипто ба ирээдүй” сэдэвт зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг бодит эх сурвалжаас авах хэлэлцүүлгийг крипто.mn -ээс зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг, Крипто Үндэстэн ХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнх-Оргил, Крипто.мн-ы Гүйцэтгэх захирал М.Болортоль, СЭЗИС-ийн багш, эдийн засгийн шинжээч Ц.Номин-Эрдэнэ, Монгол Дифай компанийн захирал Ц.Энхтүвшин нар оролцов.

Блокчейн, крипто, веб 3.0 зэрэг нэршлийг бид өдөр тутамдаа сонссоор багагүй хугацааг өнгөрүүлжээ. Харин сүүлийн үед стэйблкойн гэх нэршил дуулдах боллоо. Энэхүү стэйблкойныг Монгол Улсад амжилттай гарган, виртуал хөрөнгийн арилжааг хялбарчилж буй "Монгол Дифай" компани Монгол улсыг дэлхийн блокчейний эдийн засагтай холбох гүүр болж, санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт хэлбэрээр хүргэх алсын хараатай. Тэдний хувьд одоогоор 1.5 тэрбум "MONT" стэйблкойныг зах зээл дээр гаргаж, аль хэдийн арван мянга гаруй эзэмшигчидтэй болжээ.

Монголчууд дэлхийн крипто  зах зээлийг хэрхэн харж байна. Түүнчлэн крипто ер нь ямар асуудлыг шийдэж ирээдүйд юу болох гээд байна. Стэйблкойны зах зээлийн талаарх оролцогчдын байр суурийг сонирхсон юм.

О.Мөнх-Оргил: Монголчууд койн, токеныг луйвар гэж харах хандлага өөрчлөгдсөн

-Монголчууд “крипто”-г сөрөг талаас нь харж байх шиг байна. Сөрөг нөлөө 2021 онд койн, токен гаргасан байгууллага, хувь хүмүүстэй холбоотой. Тэр үед хүмүүсийг хэт их шууруулсантай холбоотойгоор койныг луйвар гэж харах хэмжээнд хүргэсэн. Бид койныг дэлхий нийт шиг харж чадахгүй байна. Биткойны тухайд өслөө, буурлаа гэдгийг ойлгоод байгаа харагддаг. Тэгсэн хэр нь криптовалют гэвэл луйвар шүү, мөнгөө алдана гэж айцгаадаг. Өөрөөр хэлбэл, Монголчуудынхаа гаргасан койн, токен зэргээс айдаг атлаа гадаадын крипто төслүүд рүү хөрөнгө оруулалт хийдэг. Одоогийн нөхцөл байдал ийм л байна. Гэхдээ сүүлийн үед дээрх хандлага бага, багаар суларч байгаа нь ажиглагдаж байна.

Ц.Номин-Эрдэнэ: Хүн төрөлхтөн төлбөрийн дараагийн хэрэгслээ сонгоогүй байна

-Ер нь бид мөнгөний системийн дараагийн түвшинд шилжинэ гэсэн хүлээлттэй. Өөрөөр хэлбэл, мөнгөний дараагийн төлбөрийн хэрэгсэл рүү шилжилт хийх үү гэдэг хамгийн гол асуудал хүлээлт үүсгэж байна гэсэн үг. Уг нь дараагийн төлбөрийн хэрэгслийг технологид тулгуурлаж хүлээн зөвшөөрч буй ч яг ямар бүтээгдэхүүнийг төлбөрийн хэрэгсэл болох вэ гэдгийг нийтээрээ сонгоогүй байна. Мөнгөний хэрэгслийн томьёолол нь юу юм бэ. Тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүс бүгд энэ бүтээгдэхүүн төлбөрийн хэрэгсэл мөн гэж сонгосон тохиолдолд л уг бүтээгдэхүүн төлбөрийн хэрэгсэл болно гэсэн үг. Тэгэхээр энэ тодорхойлолт руу жил ирэх тусам ойртож байна. Дөрвөн жилийн өмнө АНУ-ын Холбооны нөөцийн сангаас хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэдэг байсан. Тэгвэл одоо Санхүүгийн зохицуулах хорооноос аргаа сольж цаашид криптовалютыг сонирхож эхлэх нь зөв гэсэн хандлагыг түгээж буй. Учир нь энэ зах зээлээс татварын орчноо бүрдүүлэх боломжтой гэж үзсэн. Дэлхийд банкны систем  ноёлж одоогоор 3.6 тэрбум хүн банкны данстай байгаа бол 5.6 тэрбум хүн гар утас хэрэглэж байна. Тэгэхээр гар утастай хүн бүхэн крипто үе буюу мөнгөний төлбөрийн дараагийн хэрэгсэл буюу блокчейн технологид суурилсан шинэ хэлбэр руу шилжихэд бэлэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар нэг аппликейшн татаад холбогдчих боломж илүү ойрхон байна. Нэг үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа бид блокчейнд суурилсан төлбөрийн систем рүү шилжихэд асуудал үүсэхээргүй нөхцөлд байна. Ингэхээр хиймэл оюун ухаан, крипто, блокчейн технологи бидний ирээдүй болно. Үүнд хэн ч маргахгүй нөхцөлд байна.

М.Болортоль: Уламжлалт систем шинэ технологитой зохицох хуулийн зохицуулалт хэрэгтэй

-2008 онд анхны крипто бирж, 2009 онд блокчейн систем бий болсон. Амьдрал дээр байдаг асуудалтай зүйлийг шийдэхийн тулд блокчейн рүү шилжүүлэх тухай түлхүү ярьж байна. Мэдээж гоё ирээдүйтэй зүйл. Гэхдээ дэлхийн 5.6 тэрбум хүн энэ технологи руу шилжиж ашиглаж эхлэхэд ачааллаа даах уу, систем гацахгүй сайн ажиллаж чадах уу. Түүнчлэн хүмүүст хүртээмжтэй болгоход ямар шилжилт болох вэ гэдэг асуудлыг дагуулна.Тэгэхээр одоогоор 100 хувь ашиглахад төвөгтэй. Анх энэ технологийг хэн эзэмшиж байгаа нь мэдэгдэхгүйгээр ашиглуулъя гэсэн санаагаар гаргаж байсан. Гэвч цаг, хугацаа өнгөрөх тусам энэ санаа уламжлалт системтэйгээр /хабрид/ маягаар хоршиж ажиллахаас өөр аргагүй болж байна.Тиймээс нэн түрүүнд хуулийн зохицуулалтуудаа эртнээс хийх ёстой болно. Ерөнхийдөө эдгээр асуудлуудыг шийдчихвэл мөн илүү сайн санаачилгууд нэвтэрвэл блокчейны бүх төрөл рүү шилжих боломжтой. Блокчейн засагддаггүй, устдаггүй. Хэн нэгний эзэмшлийг нь өөр хүн удирдах боломжгүй учраас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уламжлалт аргатай нь хослуулах тухай ярьж байна. Жишээлбэл,одоогийн банкны систем бол таны дансыг банкнаас удирдаж байгаа бол шинэ технологид нэвтрүүлснээр хэн нэгэн удирдахгүй.Та өөрөө л дансаа 100 хувь удирдана гэсэн үг. Тиймээс сургалт, сурталчилгаа түрүүлж хийгдэх зайлшгүй шаардлагатай болно. Үүнийг л төр бодлогоор зохицуулах ёстой болно.

Ц.Энхтүвшин: Энэ зах зээлийг хэрэглэгчид ойлготол хугацаа шаардлагатай

- Стэйблкойн гэдэг нь энгийнээр хэлбэл блокчейн технологийг ашиглаад бэлэн мөнгө шилжүүлэх боломжтой болгож буй хэрэгсэл юм. Үнийн хэлбэлзэл ихтэй зах зээлийг сааруулах нэг шийдэл нь стэйблкойн. Энэ койны захын томоохон төлөөлөгч нэг бол USD Tether /USDT/ юм. Банкууд үүнийг хөрөнгийг баталгаажуулна гэж ярьдаг. Бусад улсадTether стэйблкойн нь бусад стэйблкойнуудтай харьцуулахад илүү олон бирж дээр, олон криптовалюттай хослол үүсгэн арилжигддаг, ханш нь тогтвортой ам.доллартой 1:1 харьцаагаар үнэ нь баталгаажсан цахим мөнгө гэж ойлгож болно. Манайх Монголын анхны стэйблкойн болох MON -ыг гаргасан. Гаргасан МONT-тойгоо ижил хэмжээний төгрөгийг банканд байршуулсан байдаг. Өөрөөр хэлбэл,  блокчейны давуу талаар дамжуулан хэрэглэгчдэд дэлхийн хаанаас ч МONT болон USD -ийг ямар ч саадгүйгээр нэг минутын дотор данснаас данс маш хурдан шилждэг гэсэн үг. Харин уламжлалт санхүүгийн зах зээл дээр ингэж хурдан шилжүүлж болдоггүй. Тухайлбал, Монгол Улс саарал жагсаалтад орсон үед Америкийн банкнуудаас доллар шилжүүлэх боломжгүй болчихдог байсан. Шилжүүллээ гэхэд хоёр сарын дараа орж ирж байх жишээтэй. Тэгвэл технологийн шинэчлэлээр стэйблкойн шууд шилждэг. Монголд энэ зах зээл айдастай, сайн хөгжөөгүй учраас зарим талаараа шинэ байна. Мөн энэ зах зээлийг хэрэглэгчид ойлготол хугацаа шаардлагатай.  

Ч.Ганхуяг: Ганц аппаар санхүүгийн хэрэгцээгээ цогцоор нь шийдэх боломжийг Ард Апп танд нээж өгөхийн төлөө 11 жил зүтгэлээ. Одоо тайлангаа тавих цаг иржээ!

Бид 1 сая гаруй хэрэглэгчтэй Ард Аппыг дэлхийд гаргах эхний  гэрээ, хэлцлээ саяхан хийсэн. Ингэснээр бидний мөрөөддөг “Binance” бидэнтэй түншилнэ. Мөн “Tether” -тэй хэлцэл хийж байна. Ардын хувьцаатай, ардын койн той хүмүүс хамгийн түрүүнд мэдээлэл авч байна. Бид энэхүү зөөлөн дэд бүтэц технологио  Ази, Африк руу гаргахын зэрэгцээ Америкийн зах зээл рүү гаргах шийдэл болон хэлцлээ хийж байна. Ард Апп бол “супер апп”.  Дэлхийд алдартай, нэр хүндтэй компаниудын шийдлийг нэгтгэж энэхүү Аппад багтаасан. Тухайлбал, Хятадын төлбөрийн системийн номер нэг Alipay, Монголынхоо бүх арилжааны банк, карт зэргийг нэгтгэсэн. Энэ нь биднийг дараагийн шатанд аваачиж байна. Санхүүгийн асуудлаа шийдэхэд олон алхам хэрэггүй. Ганц апплейкшнаар цогцоор нь шийдэх боломжийг Ард Апп танд нээж өгөхийн төлөө 11 жил зүтгэлээ. Үр дүнгийн тайлангаа тавих цаг ийнхүү ирлээ. Өнөөдөр бид Монгол төгрөгийг 100 хувь чөлөөтэй хөрвөдөг болгож чадлаа. Ардмаани, ардкойн, монт гурвын ард нь Монгол төгрөг байгаа. Энэ нь дэлхийн аль ч өнцөг булан дахь crypto wallet руу илгээгдэж байна. Нэг удаагийн гүйлгээний өртөг 1 ам.долларыг 3,500 хуваасантай тэнцэх төгрөгөөр шилжиж байна. Энэ бол санхүүгийн зах зээлд хийсэн хувьсгал. Монголчууд санхүү, эдийн засгийн алдсан боломжоо нөхөөд авах ёстой. Шимтгэлгүйгээр шууд худалдаж авах боломж гарч байна гэсэн үг.

М.Болортоль: Криптовалютаар шийдэж чадах юм бол шимтгэлийн зардлаас ангижирна

-Монголдоо бол гүйлгээ хийж ашиглахад шимтгэл багатай. Харин гадагшаа валютын гүйлгээ хийх, гадаадаас оруулах зэрэгт асуудалтай. Одоогоор Голомт банкны мөнгөн гуйвуулгын шимтгэл 4.0 хувийн зардалтай. Өөрөөр хэлбэл, эх орондоо баялаг бүтээж буй компани гадагшаа бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдолд зөвхөн банкны шилжүүлэг дээр 4.0 хувийн алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. Харин үүнийг криптовалютаар шийдэж чадах юм бол шимтгэлийн зардлаас ангижирна. Хоёрдугаарт, цар хүрээгээ маш томоор тэлнэ. Технологийн тухайд асуудалгүй. Харин хууль эрх зүйн орчин талаас өөрчлөлт хийх зүйл байгаа. Нэг асуудал нь дээр хэлснээр, хэрэв энэ технологийг нэг дор тухайлбал таван сая хүн зэрэг ашиглавал ихэнх блокчейн гацна. Үүнийг шийдэх нь цаг хугацааны асуудал.

С.Баяр


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна