Б.Золбоо: “Крипто банк” байгуулахаар зорьж байна

Admin
2025/02/24

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоотой ярилцав.

 -Танай “Ард санхүүгийн нэгдэл”-блокчейн технологи буюу кодонд сууриалсан хүүлдэггүй цахим банк байгуулахыг зорьж байгаа гэдгээ зарласан.Үүнийгээ тодруулна уу?

-Манайх 2013 онд үүсгэн байгуулагдснаасаа хойш нэг л зүйлийг ярьж,зорьж ирсэн. Технолгийн эрэн үе, бүх зүйл цахимжсан энэ үед салбаргүй банк байгуулах тухай юм. Нэгэнт  л хүн бүхэн гар утас хэрэглэж байгаагаа холбоотойгоор “Ard”-аппликейшнаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхээр 2019 оноос эхлэн хөгжүүлэлт хийж үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Санхүүгийн үйлчилгээг хүн өдөр болгон аваад байдаггүй. Зээл авсан бол нэг удаа л хандана. Хамгийн сайн хуримтлал хийдэг хүн долоо хоногт нэг удаа хандах жишээтэй. Тэгвэл бид өдөр тутмын төлбөр, тооцоо, худалдан авалтыг хэрхэн хурдан, хялбар, энгийн болгох вэ гэдэгт л анхаарч энэ аппликейшнээ хөгжүүлсэн. Одоо аваад, дараа төлөх зэрэг санхүүгийн үйлчилгээг уян хатан болгох зэргээр ажиллаж байна. Зөвхөн “супер апп” байгаад зогсохгүй санхүүгийн бусад хөрөнгө оруулалт, урамшуулалын систем ер нь бүхий л үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна. Цаашдаа тухайн хүний санхүүгийн сахилга бат, зан төлөвийг хиймэл оюун ухаанаар тодорхойлох боломжтой. Тодруулбал, та цахилгаан бараа худалдаж авлаа гэхэд дагалдаад уг бараагаа даатгуулах уу гэж гэх мэтээр хиймэл оюун ухаан асууж үүнд тохируулга хийнэ гэсэн үг. Түүнчлэн 1072 хувьцааны ноогдол ашгаа хадгаламжид хийх үү, эсвэл хөрөнгө оруулалтад хийх үү гэх зэргээр уг хүний санхүүг нь аль болох өсөлттэй байх бүх сэдлийг цахимжуулж өгнө. Энэ бол бидний энэ онд хийх гол ажил юм. 

-Бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй аппликейшнүүдээс танайх юугаараа давуу вэ?

-Бид санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаа гэдгээрээ давуу талтай. Зөвхөн зээл гаргадаг, эсвэл төлбөр барагдуулдаг  аппликейшн биш. Бүгдийг нэг дор төвлөрүүлснээрээ давуу юм. Манай аппликейшны бүтээгдэхүүнээс хэр их хүн хэрэглэж, үнэнч, тууштай үйлчлүүлж байна, тэр бүгдэд хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг. Олон үйлчилгээг, олон давтамжтай тогтмол авах бүрд илүү их хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл,зээлийн хүү, шимтгэл буурна, хэмжээ нь нэмэгдэнэ. Хадгаламж болон сайн дурын даатгал хийхэд мөн хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ.

-Танайх төлбөрийн гүйлгээ бүрд урамшуулалын койн өгдөг гэж байсан. Үүнийгээ тодруулна уу?

- Тиймээ. Манай аппликейшныг татаж төлбөрийн гүйлгээ, худалдан авалт хийх бүрд бид ард койн өгдөг. Тухайлбал, арилжааны банкууд салбартай учраас ажилчдын цалин, Монгол банк, болон хүлээн авч буй банканд гүйлгээ бүрдээ 100,200,300 төгрөгийг төлдөг учраас эдгээр зардлыг харилцагчаасаа татдаг. Манайх ялгаагүй ижилхэн ч бид эргүүлээд гүйлгээ бүрд койн өгдөг. Өмнө нь бид нэг гүйлгээнд нэг ард койн өгдөг байсан бол одоо нэг ард койноо хуваагаад  талд нь койн, талд нь ардын эрх гэж өгч байгаа. Түүнчлэн  хэрэглэгчээ идэвхижүүлэх зорилгоор сар бүр  хуримтлал, хадгаламж хийсэн болон бусад үйлчилгээг авч буй харилцагч нартаа ардын эрх  өгдөг. Энэ эрх нь сарын эцэст 1000 болвол ард койн болж хувирдаг бүтээгдхүүн. Маркетингийн хүрээнд иймэрхүү тоглоомжуулалтын хөтөлбөрүүд олон. Хэрэв ардын эрхээ цуглуулж чадвал буцаагаад бүтээгдэхүүн авахын зэрэгцээ гүйлгээний зардлаа буцаагаад авчихаж байна гэсэн үг. Одоогоор бүх төлбөр тооцоо Монгол банкаар дамжиж буй тохиолдолд мэдээж бүх шимтгэл байсаар байна. Гэхдээ буцаагаад хэрэглэгчээ урамшуулах стратегиэ баримталсаар байх болно.

-Блокчейн технилоги нь банк санхүүгийн бүтээгдэхүүнийг түйвээж байна гэдэг. Энэ технолги дээр л энэ бүх үйлчилгээ явагдаж байна гэсэн үг биздээ. Цаашдаа хэрхэн шинэчлэгдэх бол?

-Тийм шүү. Энэ технологи байнга шинэчлэгдсээр байна. Шинэ, шинэ технолги гарч ирснээр, бидний судалснаар нэг мөнгөөс доош зардлаар гүйлгээ хийх боломж харагдаж байна. Тэгэхээр одоогоор нэг гүйлгээ хийхэд 300 төгрөг бол үүнийг  мянга дахин бууруулах боломжтой гэсэн үг. Дундын зуучлагчгүй шууд хүн хооронд кодонд суурилсан гүйлгээ явагдах тул ямар ч зардал гарахгүй гэсэн үг.

- Блокчейн технологиор нэг дор олон мянган хүн зэрэг хандвал гацах тохиодол гардаг шүү дээ?

-Ard апп-ын хувьд цахим банк гэдэг утгаар манай сервирийн багтаамж өндөр. Бид жил бүр Монгол банкны  шаардлагыг хангаад явж байдаг. Тиймээс нэг секунтэд хэдий хэмжээний хандалт авч чадах вэ гэдгээ байнга хянадаг. Идэвхитэй хандалт, урсгалаа тооцож үзээд шаардагдах комьпютер сервирээ нэмдэг. Аль болох гацахгүй байхад хичээж ажилладаг. Блокчейн технологи  цэвэр үүлэн систем. Тархсан сервиртэй учир ачаалал даах чадвар сайтай.

- Танай аппликейшн одоогоор хэчнээн хэрэгчлэгчтэй вэ?

-Одоогоор 1.2 сая бүртгэлтэй данстай харилцагчтай. Идэвхитэй харилцагч нь 78 мянга орчим. 2021 онд ард койн өссөнтэй холбоотой “ard” аппликейшнын ашиглалт өсөж 1.2 сая болсон байдаг. Эдгээр бүртгэлтэй хүмүүсээ идэвхижүүлэх ажлыг хийсээр байгаа. Цаашдаа 3.5 сая хүнээ ard aппликейшныг ашиглуулах зорилготой. Монголчуудаа хөрөнгө оруулагч үндэстэн болгох гэсэн алсын хараандаа хүрэхийг зорино.

-2021,2022 оны үед олон байгууллага, хувь хүн койн, токен гаргасан. Гэвч өнөөдөр тэдгээр төслүүдээс цөөн хэд нь үлдсэн байна. Үүний нэг нь яах аргагүйa “ard” койн байх шиг байна?

-Аливаа зах зээлийн сав нь тодорхой байдаг. 2021 онд маш олон койн гарч тэрхүү савнаас хуваалцаж эхэлсэн. Анх “ard” койн гарч байсан бол дараагийн койн гарч ирэнгүүт “ard” койноо зараад дараагийнхаас авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эрэлт, нийлүүлэлтээр өсдөг. Зах зээлд  зараад эхлэнгүүт нэгж койны үнэ нь буурна шүү дээ. Гэхдээ хэрэглэгч өөр, өөр төслүүд рүү орсон ч өнөөдөр үлдсэн нь хэд байгаа билээ. Тэр дундаас манай ard койн үлдсэн. Энэ нь энэ койны дэд бүтэц эко систем нь найдвартай, анхнаасаа хэрэглээтэй ашиглаж байхаар эхлүүлсэн нь үлдэх нэг үндэс нь болсон юм. Хамгийн гол нь ard койныг анх гаргахдаа санаачлагчид нь бусад төслүүд шиг мөнгө босгоогүй. Урамшууллын системээр хэрэглэгчдэд өгч байгаад улмаар хоорондоо авч, зардаг байдлаа эхлүүлсэн нь үр дүнтэй болж үлдснийг цаг хугацаа харууллаа. Цаашдаа энэ технологийн шийдлийг ашиглаад “Крипто банк” байгуулна. Энэ нь кодонд суурилсан мөнгө хүүлдэггүй банк гэсэн үг. Одоо арилжааны банкны хадгаламжийн хүү 14-17 хувийн хүүтэй. Зээлийн хүү нь 24 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл “Крипто бан”к бий болсноор  хадгаламжийн хүү 12 хувьтай бол зээлийн хүү яг ижилхэн 12 хувь байх боломжтой. Өөрөөр хэлбэл, салбаргүй, дундын зуучлагчгүй учраас зардал гарахгүй байгаа нь хүү нэмэгдэхгүй байх гол шалтгаан нь. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 36 (7532)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна