Монгол улс 3,500,000 хүн амтай бөгөөд тэдгээрийн 15 хувийг 15-25 насны өсвөр үеийнхэн эзэлж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж эцэг эхийн толгойны асуудал байтугай улс орны аюулгүй байдлын хэмжээнд ирээд байгаа билээ. Дэлхийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэдэг 15-64 насны 270 гаруй сая хэрэглэгч байна гэсэн тоон мэдээлэл бий.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хүн амь насаа алдаж байгаа юм. Харин Монгол Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт гэмт хэргийн 50 гаруй хувийг 25-аас доош насны залуучууд, өсвөр үеийнхэн эзэлж байна.
Хар тамхи мансууруулах бодис нь хүний сэтгэцэд нөлөөлж донтуулдаг тул дахин хэрэглэхээс гадна үүнийг дагаад олон гэмт хэргийн үндэс суурь болдог. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй нэгэн болгож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж, амьдралын үнэ цэнэ, утга учир, аз жаргалын мэдрэмжийг алдагдуулж, бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж, мансууруулах бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг байна. Тэгвэл энэ сарын 1-ний өдөр 15 настай охин архидан согтуурч, газ үнэрлэн мансуурсан үедээ найз залуугаа хутгалж амь насыг нь хохироосон жигшүүрт гэмт хэрэг болсон юм. Мөн өнгөрсөн оны 2 сард мансуурсан иргэн найз охиноо мөчилж, хөнөөн нийгмийг цочроож байв. Гэсэн ч залуучууд, өсвөр үеийнхэн мансууруулах бодисын хор нөлөөг үл ойлгон нэг удаа хэмээн сонирхон хэрэглэж үзсээр л... Харамсалтай нь хар тамхинд эхний удаа гэж байдгаас нэг удаа гэж байдаггүй аж.
Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны газ, шатахуун үнэрлэх, мансууруулах эмний хэрэглээ нэмэгдсээр байна. Ингэснээр ирээдүйн хар тамхичид, гэмт хэрэгтнүүдийг бүтээж байна. Өнөөдөр Монгол улсын иргэд нэг байтугай 2-3 ажил зэрэг хийж амьдралын анхдагч хэрэглээгээ хангах хэмжээний цалинтай ажиллаж буй энэ нийгэмд бага насны хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдэх, өсвөр үеийнхэн эцэг эхийн хараа хяналтгүйгээр нас биед хүрч байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзэл бодол төлөвшиж амжаагүй, бусдын нөлөөнд автах нь амархан байдаг тул найз нөхдийн буруу хүрээлэл, хэн нэгнийг даган дуурайх, мөн интернэт орчны баталгаагүй мэдээлэлд итгэж сонирхох, улмаар хэрэглэж донтох байдал ажиглагддаг. Мөн өсвөр насныханд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар дутмаг, гэрийн ойр орчимд тэр дундаа захын хорооллуудад сургалт, бие бялдраа хөгжүүлэх газар хомстой холбоотойгоор хүүхдүүд буруу зүйлд уруу татагдах, буруу хүнтэй нөхөрлөх байдал ихээр ажиглагдаж байгаа юм.
НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Жил ирэх бүр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэд ч нэмэгдсээр байгаа юм.
Иймд бидний үр хүүхэд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч, амьдралаа алдахаас өмнө анхаарал халамжаа сайжруулж, түүний хор уршгийг таниулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүдэд уриалж байна. Хар тамхи хэнийг ч ялгахгүй. Монголын төр цэл залуухан араатнуудаа дийлэхгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна