Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан.
Тухайн харамсалтай хэргийн талаар өнчирч хоцорсон цэргийн хүү мэдээлэл хийсэн нь өдгөө олны анхаарал татаж, шахмал түлшинд тавих стандарт, шаардлага, түүнээс үүдэн гарах үүрэг хариуцлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэж байна. Тэгвэл эл асуудлын чимээ намжаагүй байхад дахин олон хүн угаартсан байж болзошгүй нөхцөл байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаарх мэдээлэл цацагдав.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн иргэн гурван хүүхэдтэйгээ угаартсан байдалтай нас барсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2025.02.08/-ны шөнө гарсан гэх мэдээллийг эх сурвалжаас тодрууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн албанд ажиллаж байсан 30 гаруй насны эрэгтэй гурван хүүхдийн хамт угаартаж бус галд өртөж, амь насаа алдсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн айлын эзэгтэй харамсалтай хэрэг гарсан өдөр ажилтай байсан бөгөөд нөхөр нь хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ хонож байгаад амь насаа алдсан байна. Тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна