"Meteor Garden" буюу "Солирын од" киногоороо дэлхий дахинаа алдартай болсон жүжигчин Барби Шү 48 насандаа таалал төгсжээ.
Түүний ар гэрийнхний хийсэн мэдэгдэлд түүнийг уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан хэмээсэн байна. Уг мэдэгдэлд "Санаа тавьсан хүн бүхэнд баярлалаа. Сар шинийн баяраар манай гэр бүл Япон руу аялалаар явсан. Харамсалтай нь бидний хайрт эгч Ши Юань (Барби Шү) ханиад, уушгины хатгалгаа өвчнөөр нас барлаа. Амьдралынхаа турш эгч дүүс болж, нэг нэгнээ түшиж, харж хандаж явсанд тань талархаж байна. Таныгаа үүрд санаж, талархаж амьдрах болно" гэжээ.
Талийгаачийн гэр бүлийнхэн уг мэдэгдлийг хийхээс өмнө нэгэн алдартан Японд аялаж явах үедээ нас барсан гэх цуу яриа гарчээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний ар гэрийнхэнтэй холбогдохыг хичээсэн ч хариу өгөөгүй байна. Гэсэн ч түүний экс нөхөр Ван Сяофэй нийгмийн сүлжээн дэх профайл зургаа хараар сольж эмгэнэл илэрхийлжээ.
Барби Шү болон түүний одоогийн нөхөр DJ Koo нар 2022 онд гэрлэлтээ батлуулсан. Тэд анх 1998-2000 оны хооронд болзож байсан бөгөөд агентлагийн зүгээс тэднийг болзохыг хориглосон учир арга буюу хоёр тийш болсон гэдэг. Үүнээс хойш Барби Шү Ван Сяофэй гэрлэсэн бол DJ Koo түүнтэй дахин учрах хүртэл ганц бие явсан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөөд байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна