Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингококкт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. Эцэг, эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран хүүхдийнхээ бие махбодид илэрч буй шинж тэмдгийг тоолгүй орхих, эмч, эмнэлгийн байгууллагад оройтож хандах, дур мэдэн гэрээр эмчилдгээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимддог явдал гарч байна.
Менингококкт халдвар нь хоёр хэлбэрээр халдварладаг.
Эхнийх нь тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж. Энэхүү халдварын үеэр ухаан санаа балартаж, хүчтэй өвдөх, татах, хэт өндөр халуурах зэрэг шинж илэрдэг байна.
Хоёр дахь хэлбэрийн халдвар нь арьсан дээр цусархаг тууралт гарч, хордлогын шокоор хүндэрдэг. Энэ хэлбэр бол хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангилалтай. Энэхүү халдварын нэн хүнд хэлбэрээр өвдсөн бол бөөрний дээд булчирхайд үхжилт өгч, 100 хувь нас барах эрсдэлтэй. Цахилгаан менингит гэж ярьдаг нь энэ халдвар юм. Биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг хүнд өвчин аж.
Менингококкт халдварын нян нь тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг, 36-37 градусын дулаанд үрждэг. Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр 2025, 2026 оныг дэгдэлт өндөртэй жил гэж үзэж байгаа юм.
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг. Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна